Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголын хэвлэл мэдээллийн салбарын ОНЦЛОХ ТАВАН ТРЭНД

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Урагш алхъя” төслийн хүрээнд Сингапурт төвтэй Splice байгууллагын хийсэн хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын үр дүн, зөвлөмжийг өнөөдөр танилцууллаа.

Splice медиа стартапын компани долоон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай аж.

Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын хүрээнд дижитал медиа стартапууд, олон жилийн түүхтэй мэдээллийн компаниуд, ТББ-ууд, сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэгч их сургуулийн багш, дөнгөж ажлын гараагаар эхэлж буй сэтгүүлч нар, чөлөөт сэтгүүлчид болон YouTube контент бүтээгчидтэй ярилцжээ.

Зах зээлд гарч буй өөрчлөлтийг зөв чиглүүлж, дижитал медиа компаниудыг санхүүжүүлэх, чиглүүлэх-гэрчилгээ олгох замаар дэмжих боломжтой. Уг хоёр үе шаттай үйл явц амжилттай хэрэгжвэл хэвлэл мэдээллийн экосистемийг сайжруулж, тус салбарт ажиллаж буй хүмүүсийн итгэл даах чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлж чадна гэдгийг тайланд онцолжээ.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын жижигхэн зах зээлд хоорондоо төстэй хэтэрхий олон тоглогч байгаа учир нийтэд зориулсан сурталчилгаагаар санхүүжүүлэхэд тохиромжтой биш

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд контентод хэт төвлөрсөн, хоцрогдсон бүтцээс илүүтэй зах зээлийн тодорхой боломжуудын хүрээнд стратегиа төлөвлөх хэрэгтэй. Сэтгүүл зүйн сургуулийн оюутнууд уламжлалт сэтгүүлзүйг “хөшүүн”, “цалин бага”, “чанар муутай”, “дижитал эрин үеийнхэнд хамааралгүй” гэсэн ойлголт өгсөн учир тэдэнд өөр ямар боломж байгааг олж харж чадахгүй байна хэмээн дурдсан байв.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын аудит тайлангийн танилцуулга, гол ололтуудын талаар Splice Media байгууллагын үүсгэн байгуулагчид болох Алан Сүүн, Ришад Патель нар цахимаар холбогдож, танилцуулсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Splice Media байгууллагын үүсгэн байгуулагч Алан Сүүн “Материалд орсон “Монголд хэвлэлийн эрх чөлөө бий, харин чөлөөт хэвлэл байхгүй” гэх ишлэл анхаарал татсан. Монгол Улсад 500 гаруй медиа компани байдгаас олонх нь медиа гэхээс илүүтэй маркетингийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалт тааруу байдгаас болж ажилчдын цалин орлого болон сурч хөгжих, чадваржих нь дутмаг байна гэж харсан. Өөрөөр хэлбэл ирээдүйг хараагүй байдал монголын медиа салбарт ажиглагдсан.

Дижитал эрин үеийн салбарын ажилчдыг бэлдэхгүй байгаа нь харамсалтай. Хэрэглэгчдэд төвлөрсөн, хоорондоо ялгаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай гэж харсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл хэлбэрт тулгуурлах бус арай өөр хэлбэр байдлаар зорилтот контентыг бий болгох хэрэгцээ байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь хэрэглэгчдийг сонсож, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэвлэл мэдээллийн салбарыг тойрсон хөгжүүлэлт шаардлагатай болов уу” хэмээв. 

Монголын хэвлэл мэдээллийн салбарын ОНЦЛОХ ТРЭНД

  1. Зах зээл жижиг тул зар сурталчилгаанаас хамааралтай бизнес загвараар ажилладаг медиа компаниуд ёроол руугаа өрсөлдөн уруудаж байна.
  2. Телевиз, нэвтрүүлгүүд нэгдсэнээр видео контентын чанар сайжрах боловч том телевизүүд улам бүр тодорно.
  3. Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэх итгэл үргэлжлэн буурна
  4. Зар сурталчилгааны орлого, ТББ-ын санхүүжилтээс хэт хамааралтай байгаа нь өсөх боломж, хэрэглэгчидтэй нягт харилцаа тогтоох боломжийг хязгаарладаг
  5. Салбарын боловсролын тоглолцоо хүмүүсийг ирээдүйн дижитал ажлын байранд бэлдэхгүй байна.

Монгол Улсын хувьд 6,800 хүнд нэг медиа компани оногдож байна.

Зөвлөмжөөс тоймловол:

  1. Бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж жижиг, тодорхой зорилготой сан байгуулах. Санг хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон ТББ-уудын хамтын нийгэмлэг удирдан чиглүүлж, дижиталд суурилсан, хэрэглэгчийг чухалчилдаг редакцуудыг бий болгох зорилготой.
  2. Ёс зүйн дүрэм. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн стандартыг дээшлүүлэхийн тулд сэтгүүлчид төдийгүй контент бүтээгчдэд хамаарах дүрэм, зөвлөмж, бүхий ил тод, гэрчилгээжүүлэх хөтөлбөрөөс бүрдэх цогц ёс зүйн дүрмийг бий болгох хэрэгтэй. Энэ нь редакцын болон санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдалд төвлөрнө.

Энэхүү тайлан нь монголын хэвлэл мэдээллийн салбарыг цаашид бизнес зарчмаар хөгжүүлэхэд анхаарах ёстой зүйлсийг оновчтойгоор анхаарч гаргаж ирж чадсан гэж дүгнэж байгаагаа Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв НҮТББ-ын гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо хэлсэн. 

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс 2019 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 84 сонин, 51 радио, 140 телевиз, 154 вебсайт гээд нийт 502 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна.

Тайлангийн дэлгэргүйг эндээс унших боломжтой.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn