Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс хөгжил дэвшлээ бүрэн хэмжиж чадаж байгаа юу?

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ оны босгон дээр мэндчилгээнийхээ үеэр хэлэв. Энэ боломжийг олгох бодлого нь “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг нэн даруй, цаг алдалгүй хэрэгжүүлэх явдал гэв.

Одоо байгаа нөхцөл байдлаар бол сүүлийн жилүүдэд манай улс хүний хөгжлийн индексээр урагш ахиагүй, тэгш бус байдал улам нэмэгдсэнээс гадна байгальд үзүүлж буй ул мөр, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмж тооцвол дахин 10 байр ухрахаар байгааг хөгжлийн индексийн тайлангуудад онцолсон байдаг. 

Гол асуудал нь Монгол Улс хүн ардынхаа сайн сайхан байдлыг бүрэн утгаар нь хэмжиж чадахгүй ба хэмжих үзүүлэлтүүдээ шинэчлэх шаардлагатай байгааг судалгаанууд илтгэж байна.



Хүний ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын үндсэн зорилго. Нийгмийн бүлгүүд, хувийн хэвшлийн байгууллагууд ч энэ зорилгын төлөө ажиллах учиртай. Гэвч амьдрах таатай орчны суурь болсон - иргэд бие биедээ харилцан итгэдэг, хамтран ажилладаг, харьцангуй тэгш, амар тайван, аз жаргалтай, сайн сайхан нийгмийг бүрдүүлэх бодлого боловсруулахад шаардлагатай тэдгээр судалгаа мэдээлэл нь хомс байгааг IRIM судалгааны байгууллага өмнө нь онцолж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хороо мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэмжүүрээ Монгол Улс шинэчлэх цаг болсныг харьцуулсан судалгаагаар гаргажээ.

Нийгмийн сайн сайхан байдлыг ДНБ буюу эдийн засгийн хэмжүүрээр дүгнэх нь өрөөсгөл болсныг дэлхийн улс орнууд хэдийн хүлээн зөвшөөрч, иргэдийнхээ сайн сайхын байдлыг чухалчлан, тодорхой хэмжүүрээр эрэмбэлж, бодлогоо түүндээ уялдуулах болсон. 

Хамгийн анх ийнхүү ДНБ-ээс цаад дахь нийгмийн хөгжил дэвшлийг илүү өргөн хүрээнд харуулах үзүүлэлтийг санаачлан хэрэгжүүлсэн улс нь Австрали аж. 1990-ээд оноос эхлэлтэй уг санаачилга шинэчлэгдэн өөрчлөгдөж, өдгөө Мельбурнийн их сургуулийн удирдлага дор нэгдсэн, төр, шинжлэх ухаан, бизнесийн байгууллага болон нийгмийн бүлгийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй байгууллага оролцон ажиллаж, Австралийн хөгжлийн индексийг дараах 12 хүрээнд хамааруулан мэдээлэл цуглуулан тооцож байна. Үүнд:

  1. Хүүхэд, залуусын сайн сайхан байдлаар
  2. Нийгэм болон шашны амьдрал
  3. Сайн сайхан байдалд хөндлөнгөөс нөлөөлөх хүчин зүйл, амьдралын сэтгэл ханамж
  4. Ажил болон ажил, амьдралын тэнцвэрт байдал
  5. Соёлыг сэргээн түгээх, амралт, чөлөөт цагийн байдал
  6. Уугуул иргэдийн сайн сайхан байдал
  7. Засаглал болон ардчилал
  8. Эрүүл мэнд
  9. Эдийн засгийн амьдрал, хөгжил цэцэглэлт
  10. Шүүх, шударга ёс, хүний эрх
  11. Боловсрол, мэдлэг болон бүтээлч байдал
  12. Хүрээлэн буй орчин ба тогтвортой байдал

Канад улсын тухайд сайн сайхан байдлын индекс нь цаг хугацааны явцад канадчуудын тогтвортой байдал, өөрчлөлтийг хэмждэг харилцан шүтэлцээтэй найман домэйнээс бүрдсэн нийлмэл индекс болон тогтжээ. Нэг домэйнд 8 үзүүлэлт багтаасан нийт 64 үзүүлэлтийг доорх хүснэгтээс харна уу. 

Хүснэгт. Канадын сайн сайхан байдлын индексийн үзүүлэлтүүд

Хүрээ  Хэмжээс  Үзүүлэлт
Нийгмийн амьдрах чадвар Нийгмийн аюулгүй байдал Гэмт хэргийн ноцтой байдлын индекс
Ардчилал Оролцоо Сонгуульд сонгогчдын ирцийн хувь
Бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий сонгогчдын харьцаа
Хууль, өмгөөлөл, улс төрийн бүлэглэлд сайн дураараа оролцдог хүн амын эзлэх хувь
Ахмад, залуу сонгогчдын оролцооны зөрүү, хувиар
Манлайлал Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь
Боловсрол Боловсролын анхан шатны мэдлэг, ур чадвар Хүүхэд асрах төвд явж байгаа 0-5 настай хүүхдийн эзлэх хувь
Улсын сургуулийн багш сурагчдын харьцаа
Эрдэм шинжилгээний нийт ололт, амжилт, түвшин ба оролцоо Улсын сургуулийн нэг оюутанд ногдох дундаж зардал
Бакалаврын жилийн дундаж сургалтын төлбөр
Ахлах сургуулиа төгссөн, ажиллах хүчээр ажилладаг Канадын 20-24 насныхны эзлэх хувь
Дээд боловсролтой хүн амын 25-64 насны залуучуудын эзлэх хувь
Байгаль орчин Агаар Хүлэмжийн хий (megatonnes of CO2 per year)
Эрчим хүч Эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн (terajoules)
Оршин суугчдын эрчим хүчний ашиглалт (petajoules per 1,000 households)
Цэвэр ус Жилд ашиглах усны хэмжээ Canada (km3)
Сэргээгдэхгүй материал Металлын нөөцийн индекс
Биологийн нөөц Нийт газар тариалангийн газар (hectares)
Эрүүл мэнд Дундаж наслалт/ нас баралт  Төрөх үеийн дундаж наслалт
Биеийн эрүүл мэндийн байдал Чихрийн шижинтэй хүн амын эзлэх хувь
Хөдөлгөөний эрүүл мэнд Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан хүний эзлэх хувь
Нийтийн эрүүл мэнд Өнгөрсөн онд томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүн амын эзлэх хувь
Эрүүл мэндийн үйлчилгээ Ердийн эмнэлгийн эмчтэй Канадчуудын эзлэх хувь
Амьжиргааны түвшин Дундаж болон медиан орлого, хөрөнгө  Гэр бүлийн татварын дараах дундаж орлого
Орлого баялгийн хуваарилалт Жини коэффициент (орлогын ялгаа)
Эдийн засгийн аюулгүй байдал Бага орлоготой хүмүүсийн эзлэх хувь
Хүнсний аюулгүй байдал дунд зэрэг эсвэл хүнд байдаг Өрхийн эзлэх хувь
Ажиллаж буй ажиллах хүчний эзлэх хувь 8 Урт хугацааны ажилгүйдлийн үеийн ажиллах хүчний эзлэх хувь
Цаг ашиглалт Цаг хугацаа 25-64 насны Канадчуудын долоо хоногт үндсэн ажил дээрээ 50-аас дээш цагаар ажилладаг хүмүүсийн эзлэх хувь
долоо хоногт 30-аас доош цагийн ажиллах хүчний ажиллах хүчний эзлэх хувь
Цалин хөлсөөр ажилладаг хүмүүсийн ажлын өдрийн ажлын дундаж хугацаа
Хугацааны сонголт Уян хатан цагаар цалин хөлстэй ажилладаг иргэдийн хувь хэмжээ
Ердийн, ажлын өдрийн ажлын цагтай ажиллах хүчний хувь
Түр зуурын байдал 7-9 цаг чанартай унтаж, амардаг хүний эзлэх хувь

Үүнээс гадна олон улсын дэлхийн хэмжээнд энэ талаарх судалгааны сүлжээнүүд бий болсон нь:

  • Нийгмийн хөгжлийн индекс –Social progress index
  • Википрогресс - дэлхийн томоохон интернэт платформ
  • ЭЗХАХБ Илүү сайхан амьдралын индекс -‘OECD Better Life Index’ зэрэг нэрлэгдэж байна. 

Тэгвэл манай улс хөгжлийн индексийг тооцохдоо ямар үзүүлэлтүүдийг харгалзаж байна вэ?

Монгол Улс орон нутаг болон нийслэлийн түвшинд 

  • Монгол хүний хөгжлийн индекс 
  • Нэгдсэн тэргүүлэгч үзүүлэлтүүд
  • Орон нутгийн хөгжлийн индекс
  • Сумын хөгжлийн индекс
  • Нийслэлийн эрүүл, аюулгүй байдлын индекс болон Аз жаргалтай хотын индекс зэргээр тооцож байна.

НҮБ цар тахалтай холбоотойгоор Эх дэлхийдээ өгч буй Дарамтыг Тооцсон Хүний хөгжлийн индексийг энэ онд танилцуулсан.

2019 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексийн (ХХИ) 0.737 үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 99-т бичигдсэн ба энэ нь 1990 онтой харьцуулахад 27.5% өссөн байна. Мөн 1990-2019 оны хооронд монголчуудын төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 2.6 жилээр, сургуульд суралцах хугацаа 4 жилээр, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2.3 дахин тус тус өсжээ.

Гэвч Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход ХХИ-ийн үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, үзүүлэлтээрээ 10 байр ухрахуйц байна. Олон Улсын Вальютын Сангийн тайланд дурдсанаар Монгол Улс болон дэлхийн олон орнууд нийтдээ дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартой тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулсаар байгааг НҮБ онцолжээ.

Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой шалтгаануудын улмаас доройтолд орсныг дурдаад эерэг өөрчлөлт хийж, малын тоо толгойг бууруулахад урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэй тухай чухалчилсан. 

Тэгвэл 2019 онд Тэгш бус байдлыг онцолж байв. 

Илтгэлээс Монгол Улсад ч тэгш бус байдал анхаарал татсан асуудал болоод байгааг дурдсан ба энэ бол хүний хөгжилд сөрөг нөлөөтэй үзүүлэлт.

Монгол Улсад тэгш бус байдал дундаж наслалтыг 13.1 хувиар, боловсролыг 11.9%, орлогыг 15.7%-иар бууруулж байгааг 2019 онд онцлоод сүүлийн жилүүдэд манай улсын хүний хөгжлийн индексээрээ урагш ахиагүй дурджээ.

Тэгвэл цаашид хүний хөгжил, сайн сайхан байдалд юу дутагдаж байгаагаа тодорхойлохын тулд шалгуур үзүүлэлтийн хамрах хүрээг өөрчлөх шаардлага үүсэж байна. Тодруулбал, дэлхийн санаачилгад нэгдэн нийгэм-эдийн засгийн хөгжил дэвшлийг харуулсан үндэсний хэмжээний нэгдсэн индекс тооцох аргачлал боловсруулах шаардлагатай байгааг ҮСХ дурджээ. Одоогоор манай улс:
Нийгмийн хөгжлийг 

  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Цалинтай ажил
  • Ажилгүйдэл
  • Гэмт хэрэг
  • Гэр бүл, хамт олон
  • Ардчилал

Эдийн засгийн хөгжлийг хэмжихдээ

  • Үндэсний нийт орлого
  • Өрхийн орлого
  • Орон сууц

Байгаль орчны хөгжлийг хэмжихдээ

  • Газар
  • Ус 
  • Агаар
  • Хог хаягдал гэсэн үзүүлэлтүүдээр тооцож гаргаж байна.

Тэгвэл энэхүү дараах үзүүлэлтүүдийг нэмж тооцсоноор нийгэм, эдийн засаг, хүний хөгжлөө илүү бодитой хэмжих боломжтой хэмээн үзэж, ҮСХ санал гаргажээ. Үүнд 39 үзүүлэлтийг нэмж тооцох санал гаргаснаас: 

  1. Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого
  2. Хөрөнгө оруулалт
  3. Бүтээмж
  4. Дундаж наслалт
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амын эзлэх хувь
  6. Зүрх судасны өвчлөл
  7. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал
  8. 0-5 настай хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувь
  9. 20-24 настай залуусын дунд бүрэн дунд боловсролтой залуусын эзлэх хувь
  10. ЭЕШ-ын дундаж оноо
  11. Их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага төгсөгчдийн хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувь
  12. Нэг хүнд ногдох боловсролын зардал
  13. Өрхийн жилийн дундаж мөнгөн орлого
  14. Жини коэффицент
  15. Бага орлогын бүлэгт хамаарах өрхийн эзлэх хувь
  16. Хүнсний аюулгүй байдал дунд зэрэг эсвэл хүнд түвшинд хамаарах өрхийн эзлэх хувь
  17. Хөдөлмөр эрхлэлтийн түвшинд
  18. Урт хугацаанд ажилгүй байгаа хүн амын эзлэх хувь
  19. Дундаж цалин 
  20. Долоо хоногт үндсэн ажил дээрээ 40-өөс дээш цагаар ажилладаг хүмүүсийн эзлэх хувь
  21. Цалин хөлстэй ажилчдын ажлын байрандаа хүрэх дундаж хугацаа
  22. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн ангиллаар
  23. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх зөрчлийн тоо
  24. Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг
  25. Орон сууцанд амьдардаг өрхийн нийт өрхөд эзлэх хувь
  26. Нэг хүнд ногдох м.кв-ын хэмжээ
  27. Өрхийн зардалд орон сууцны (ус,дулаан,цахилгаан, СӨХ..) төлбөрийн эзлэх хувь
  28. Чөлөөт цаг, урлаг, спортын үйл ажиллагаанд зарцуулж буй цаг
  29. Олон нийтийн арга хэмжээ, бусадтай харилцахад зарцуулж буй цаг
  30. Сонгуулийн ирцийн хувь
  31. Ахмад залуу сонгогчдын оролцооны зөрүү
  32. Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь
  33. Агаарын бохирдол (PM2.5)
  34. Хүлэмжийн хийн ялгарал (CO2)
  35. Өрхийн эрчим хүчний хэрэглээ
  36. Эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн, тера жоуль
  37. Усны хэрэглээ
  38. Хог хаягдал
  39. Уул уурхайн нөхөн сэргээгдсэн газар

Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Монгол Улс хөгжлийн индексээ тодорхойлолтоо дээрх үзүүлэлтүүдийг тусгадаггүй гэсэн үг юм. Иймээс бодлого, шийдвэрүүд судалгаанд суурилсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.