Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан "Хүний эрхийн үндэсний форум-2021" яг одоо Төрийн ордонд болж байна. Форумд УИХ-ын гишүүд, ХЭҮК, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөл зэрэг албаныхан оролцож байна.
Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз "Хүний бүх эрхийг хүндэтгэх нь хямралыг даван туулах, чадвартай нийгмийн аюулгүй байдал, урт хугацааны хөгжил, энх тайван байдлын угтвар нөхцөл мөн гэж бид үздэг. Ардчиллын тогтолцоо бол эрхэмлэх зүйл мөн. Ард иргэдийн санааг зовоосон асуудлаар хэлэлцэж байгаа нь эрүүл нийгмийн шинж юм. Энэ шинж Монголын нийгэмд байна.
Монголын ард түмэн 30 жилийн өмнө ардчиллыг сонгосон. Хүний эрхийн тухайд бат бөх байр суурьтай байдгийг бид төрийн өндөр түвшний зүтгэлтнүүдээс сонслоо. Энэхүү үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Монгол Улс нь Ази тивдээ хүний эрхийн хамгийн олон гэрээг соёрхон баталсан улс юм.
Европын холбоо болон Монгол Улсын харилцаа нь ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр суурилдаг. Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар жил бүр уулзан, тулгарч буй асуудлуудын талаар илэн далангүй ярилцдаг. Энэ нь манай түншлэлийн эн тэнцүү байдлыг илэрхийлж буй дүр зураг юм.
Хүний эрхийг хангах нь энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн тулгын чулуу билээ. Мөн хүний эрхийг хамгаалах нь нэр төрийг эрхэмлэх зайлшгүй шаардлага юм" гэлээ.
Форумын үндсэн илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулав.
Тэрбээр илтгэлийнхээ эхний хэсэгт манай улс "Freedom house"-аас гаргадаг эрх чөлөөний индексээр 1991-2020 онд бүс нутаг дахь бүрэн эрх чөлөөтэй цөөн улсын нэг болсныг цохон тэмдэглэв.
Мөн ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан "Шударга шүүхээр үйлчлүүлэх эрхийн баталгааг хангах, иргэдэд хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад зохих өөрчлөлт оруулахыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байна.
Тухайлбал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль нь хэрэг маргааныг хурдан шуурхай, талуудад чирэгдэлгүй шударгаар хянан шийдвэрлэх зохицуулалтгүй байгаагаас иргэдийн эрх зөрчигдөөд зогсохгүй, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Амьдрал дээр иргэдийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байх, түүнийг хэрэгжүүлэхгүй байх нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх болон шүүхэд итгэх итгэлийг алдагдуулдаг.
Иймд учирсан хохирлыг төр хурдан шуурхай төлж, буруутай этгээдээр эргэн төлүүлдэг хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Энэ хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн торгууль, хүүний орлого нь орон нутгийн төсвийн бус орлогод төвлөрч байгааг өөрчилж, Хохирлын сан бий болгох, уг сангаар дамжуулан хохирогчид нөхөн олговор олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд зарцуулах нь илүү үр дүнтэй байх болно. Үүний тулд Хохирлын сангийн тухай хууль, хохирлын үнэлгээг тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй" гэлээ.
Түүнчлэн тэрбээр илтгэлдээ шүүхээр гэм бурууг тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлах, хэргийн материалыг хууль бусаар задруулан нэр төрд нь халддаг асуудлыг таслан зогсоохын зэрэгцээ нууцаар мөрдөн шалгах ажиллагааг журмаар бус хуулиар зохицуулдаг байх ёстой. Аливаа хүний эрхийн халдашгүй эрх чөлөөг хязгаарлахдаа шүүхийн хяналт дор, нууцаар мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн шүүх өгдөг байх нь оновчтой хэмээн онцолсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!