Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвсүрэн: Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-аас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ. 

Эдгээр байгууллагууд цаашдаа долоо хоног бүрийн Даваа гарагт агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж байхаар болжээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Хурлын эхэнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул "Өнөөдрийн байдлаар агаарын чанарыг хэмжиж буй 15 суурин харуул иргэдэд мэдээлэл хүргэж байгаа. Суурин харуул 15 минут тутамд хэмжилт хийж, мэдээлэл нь шинэчлэгддэг" болохыг хэллээ. 

"Гэр хорооллын 141,968 өрхийн зуухыг тоолоход 54,319 нь стандартын зуухтай байсан"

Үргэлжлүүлэн нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж бий ажлуудын талаар мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн өглөө. 

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарын чанарыг 2018 оноос өмнө болон хойш гэж буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнөх үе, дараах үед ангилж байгаа юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Агаарын бохирдлын талаар мэдээллийг зөвхөн тухайн өдрөөр бус сарын дунджаар тодорхойлдог. Ингэж үзэхэд 2021 оны арваннэгдүгээр сарын агаарын бохирдол 2020 оныхоос өндөр байгаа. Агаарын чанарын мэдээг харвал бохирдол өмнөх оноос 25-40 хувиар их байгаа нь харагдана. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нийт тээврийн хэрэгслүүдийн 15-20 хувь замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн ч агаарын чанар энэ оныхоос сайн байсан байна. 

2021 он гарсаар төвийн зургаан дүүрэгт 6,510 өрх шилжиж ирсэн бол түр оршин суугчаар бүртгүүлсэн 20,593 өрх байна. Эдгээр өрх галлагааны улиралд 60,000 тонн түлш хэрэглэнэ. Гал түлж буй өрхийн тоо буурахгүй байгаа бөгөөд Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байгаа. 

Гэр хорооллын 141,968 өрхийн зуухыг тоолоход 54,319 нь стандартын зуухтай байсан. Стандартын зуух нь сайжруулсан түлшний шаталтыг бүрэн явуулдаг, угаарын хийн эрсдэлийг бууруулдаг давуу талтай. Уламжлалт зууханд 5 кг түлшийг түлэхэд 2-3 цаг шатдаг бол стандартын зууханд түлэхэд 4-5 цаг шаталт үргэлжилдэг.

Мөн Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн тоо огт буурахгүй, улмаар өмнөх оноос 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна" хэмээн мэдээллээ. 

Нийслэлд сайжруулсан түлш түгээлт, борлуулалтын 600 цэг буюу 400 өрхөд нэг цэг ногдож байгаа ажээ.

Энгийн уламжлалт зууханд гал түлж байгаа айлуудаас угаарын хийн дуудлага их ирдэг. 190 мянган өрхөд угаарын хий мэдрэгч тараасан бөгөөд ашиглалтын байдалд тогтмол хяналт тавьж байгаа гэдгийг Таван толгой түлш компаниас мэдээлэв.

НМХГ-аас найман шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 2021 онд нийт 19.5 тонн түүхий нүүрсийг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн хурааж, Амгалан дулааны станцад нийлүүлжээ. Зөрчлийн тоо 2019, 2020 онтой харьцуулахад 90 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. 

ЦУОШГ-аас агаарын чанарын мэдээллийг долоо хоног бүр гаргадаг. Улаанбаатар хотын өнгөрсөн 7 хоногийн агаарын чанар, 2021 оны арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 5-ны өдөр

/2020 оны мөн үетэй харьцуулснаар/