Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Өндөр хөгжилтэй орны стандартаар авч үзвэл манай улсын нийт хүн амын 1% нь өндөр орлоготой

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аль ч улс нийгмийн бүтцээ байнга судалж, түүний өөрчлөлт, хандлагыг харгалзан төр, нийгмийн бодлогоо хэрэгжүүлдэг. Чухам иймээс нийгмийн бүтцийн судалгаа бол судалгааны мөнхийн сэдэв байдаг.

Нийгмийн бүтцээ судалснаар нийгмийн бүлэг бүрд хүрч хэрэгжих боломжтой бодлого гаргах, дэвшүүлэх суурь бүрддэг гэдгийг “Цогц хөгжлийн үндэсний төв” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулагдсан “Монголын нийгмийн давхаргажилт: Хөгжил, Төлөвшил” анхдугаар чуулга уулзалтын үеэр судлаачид онцолсон юм. 

Монголын нийгэмд нийгмийн бүлгүүдийн ялгарал тодорч, хоёр тал руу заагарч буй өнөө үед нийгмийн давхаргажилтыг судлах, нийгмийнхээ бүтэц давхаргажилтыг судлах арга зүй, шалгуур үзүүлэлтүүдийг томьёолох хэлэлцэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.

Энэ удаагийн чуулганаар судалгааны байгууллагууд, судлаачдын хүрээнд нийгмийн давхаргажилтыг  судлах зөвлөл байгуулах санаачилга, зөвлөмж уриалга гаргасан билээ.

Чуулганы үеэр үндсэн дөрвөн илтгэл танилцуулсан бөгөөд онцлох хэсгийг тоймлон хүргэе.    

МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор О.Мөнхбат “Нийгмийн давхаргажилтыг судлах арга зүй, онцлог” илтгэлээс

  • Монголын нийгмийн давхаргажилтын судалгаа 1970-аад оноос хэрэгжиж, хэд хэдэн суурь судалгааг хийжээ.
  • Социалист хөгжлийн үед хийсэн судалгаанууд нэг хэмжээст онол, арга зүйд суурилж, хоёр анги (малчин, ажилчин), нэг давхарга (сэхээтэн) гэсэн бүтцийг гаргасан байна.
  • 1990-ээд оноос хойш хийсэн судалгаанууд олон хэмжээст онол, арга зүйд суурилж, дээд, дундаас дээш, дунд, дундаас доогуур, доод гэсэн давхрааны зураглал боловсруулсан.  
  • Давхаргажилтын онол, арга зүйн асуудал өнөөг хүртэл цэгцэрч амжаагүй, онолын загварчлал нь боловсронгуй бус байна.

Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл “Монголын нийгмийн статистик үзүүлэлтүүд” илтгэлээс

  • Боловсролын түвшин ахих тусам хөвгүүдийн хамрагдалтын болон боловсрол эзэмшилтийн хувь буурч байна.
  • Сургуулийн ахлах ангийн хувьд хөдөөгийн, доогуур аж байдалтай өрхийн хөвгүүд суралцах нь эрс багасдаг байна.
  • Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд унших болон тоо бодох чадвар хамгийн бага байна.
  • 10,000 хүн амд ногдох амбулаторийн өвчлөлийн тоо 2011-2019 онд тогтмол өссөн бол 2020 онд ковидын нөхцөлөөс үүдэн буурчээ.
  • Ядуу бус өрхийн нэг хүнд ногдох сарын хэрэглээ 2003 онд 47.8 мянган төгрөг байсан бол 2018 онд 341.6 мянган төгрөг болжээ.
  • Ядуу өрхийн нэг хүнд ногдох сарын хэрэглээ 2018 оны байдлаар 124.5 мянган төгрөг байгаа нь ядуу бус өрхтэй харьцуулахад 2.7 дахин бага тоо.
  • Хэрэглээний тэгш бус байдал хотод хөдөөтэй харьцуулахад илүү их байна.
  • Эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт дунджаар 273 минут зарцуулж байгаа нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2.6 дахин их байна.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Баасантогтох “Малчдын нийгмийн ялгарал” илтгэлээс

  • Байгалийн хүчин зүйл, бодлого, эрх зүйн болон эдийн засгийн орчин бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог нөхцөл. Эдгээр нөхцөл нь малчдын өөр хоорондоо ялгарах хүчин зүйл болдог. Харин боломж буюу биеийн болон хүн хүчний, мэдлэг, ухамсрын, сэтгэлгээ, сэтгэл зүйн төлөв нь шийдвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. 
  • Баруун бүсэд малчдын 24, хангайн бүсэд 41.6, төвийн бүсэд 20.3, зүүн бүсэд 12.2 хувь нь амьдардаг.
  • Сүүлийн жилүүдэд ямаа, хонины тоо өссөн нь ноос, ноолуурын урамшуулал олгосонтой холбоотой. Ноос, ноолуурын урамшуулалд малчдын 85.6, арьс, ширний урамшуулалд 67.7 хувь нь хамрагдсан.  

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монголын нийгмийн дундаж давхарга: орлогоор тодорхойлох нь” илтгэлээс

  • Дундаж давхарга гэсэн нэгдсэн тодорхойлолт байхгүй. Үүнийг хүмүүсийн орлого, хэрэглээ, хүсэл тэмүүлэл, нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдэл гэх мэт олон янзын хэмжээсээр тодорхойлж болно.
  • 2008-2014 онд дундаж давхарга хүчтэй тэлсэн бол 2014-2018 онд аажмаар багассан. Дундаж давхаргыг тодорхойлох аль ч тодорхойлолтоор авч үзэхэд энэ үр дүн хамаарна.
  • 2002-2018 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, хөдөлмөрийн орлого ба тэтгэвэр тэтгэмжийн орлогод эзлэх хувь өссөн нь үүнд нөлөөлсөн.
  • Өндөр хөгжилтэй орны стандартаар авч үзвэл манай улсын нийт хүн амын нэг хувь нь өндөр, дийлэнх нь бага орлоготой бүлэгт хамаарч байна.  

“Судлаачдын нөлөө доогуур түвшинд байна”

Чуулганы панел хэлэлцүүлгийн зочноор МУИС-ийн Социологи, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Тамир, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Отгонтөгс, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор С.Түмэндэлгэр, Удирдлагын академийн улсын салбарын удирдлагын багш, доктор Б.Нарантулга нар оролцлоо.  

Монголын нийгэмд судлаачид хэр нөлөөтэй вэ гэсэн асуултад тэд хариулсан юм. Тодруулбал, МУИС-ийн багш Б.Отгонтөгс “Би боловсролын үр өгөөж, санхүүжилт, тэгш байдал, жендерийн эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг. Үндэсний статистикийн хорооны цуглуулсан датаг ашиглан, тоон судалгаа хийж, Засгийн газар, улс төрийн нам, Сангийн болон БШУЯ-ны талуудад ихэвчлэн танилцуулдаг. Ер нь хүлээж авдаггүй. Нийгмийн давхаргажилтын хувьд судлаачид ямар түвшинд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ судлаачдын нөлөө маш бага, доогуур түвшинд байгаа. Судлаачдын үгийг сонсож, судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэж хууль, дүрмүүдэд бичсэн ч хэрэгжүүлдэггүй”-г хөндөв.

Мөн доктор Б.Нарантулга “Жендер, гэр бүл, хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр судалгааны ажлууд хийлгэх, холбогдох зөвлөмжүүд хүргүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг болон эрх зүйн актуудад холбогдох зохицуулалт бий. Гэвч эдгээрийн хэрэгжилтийн нөхцөл байдал тааруу байдаг. Мөн судалгааны үр дүн нь нийгэмд тодорхой хувь нэмэр оруулж чадаж байна уу гэдэг талаас нь авч үзвэл учир дутагдалтай. Цаас болон хувирсан, урам хугалсан тохиолдол олон бий” хэмээж байв.

Харин судлаач С.Түмэндэлгэр “Судалгааны эцсийн үр дүн бол төрийн бодлогод тусгалаа олох явдал. Тэгэхээр энэ чиглэлд тодорхой дэвшлүүд гарч байгаа. Тухайлбал, “Алсын хараа 2050”-ыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд долоон зорилтот хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн. Үүний ажлын хэсгийн бүтцийг харахад тухайн салбарын судлаачид, төлөөллийг багтаасан байгаа нь бидний дуу хоолойг сонсож буйн нэг жишээ” гэдгийг тодотгосон юм.

Доктор Б.Отгонтөгс энэ үеэр ҮСХ-ны датаг ашиглан, Монголын 8.4 сая хүний мэдээлэлд тулгуурлаж, 1960, 1970, 1980, 1990, 2000 онд төрсөн хүмүүс, тэдний үр хүүхдүүд хэрхэн амьдарч байгааг тодорхойлох, нийгмийн хөдлөнгө /social mobility/ чанарыг нь дүрслэн гаргах судалгаа хийхээр төлөвлөснөө онцолж байв.     

 
NCCD

Түүнчлэн Цогц хөгжлийн үндэсний төвөөс санаачлан нэрт социологич Х.Гүндсамбуу агсны “Монголын нийгмийн давхаргажилт, хөгжил, хандлага” номыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 20 жилийн дараа дахин хэвлүүлснээ чуулганы үеэр танилцуулж, олны хүртээл болгосон юм. Мөн Монголын нийгмийн давхаргажилтыг цаашид судлах судалгааны чиглэлийн талаар чуулганд оролцсон төлөөлөгчдийн гаргасан байр суурь, санал, зөвлөмжүүдийг нэгтгэн зөвлөмж гаргав.