2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
20:00
S29
-15°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-17°
00:00
S29
-17°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°

Ж.Мөнхсайхан: Сайн туршлагууд биднийг ямагт сайн зам руу хөтөлж иржээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 3
Сурталчилгаа
Зураг

-XАС-ын түүхүүд-

“Тэнгэр Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал.

Би “ХасБанк”-ийг “Хөгжлийн Алтан Сан” Банк Бус Санхүүгийн Байгууллага байхаас буюу “ХасБанк” болохоос өмнө холбогдсон түүхтэй.

Дүү маань оюутан байхдаа буюу 1999-2000 оны хооронд МУЗН-ийн байранд байрлах МикроСтарт-Монгол төслийн оффист ажлын бус цагаараа цэвэрлэгээ хийдэг байлаа. Тухайн үед би төгсөх ангийн оюутан, зарим үед дүүгийнхээ ажилд нь тусалж, ойр зуурын цэвэрлэгээг нь хамт хийлцэнэ. Тэр төслийн оффисын байр, дотор нь байгаа мэдээллийн самбар, газрын зураг зэрэг нь өвөрмөц сонин бөгөөд ширээн дээгүүр байх цаас, материал нь голдуу англи хэл дээр. Тухайн үеийн оффисуудаас нэг л өөр буюу гаднын байгууллага шиг санагддаг байсан нь надаас харь, хол өөр орчин санагддаг байлаа. Төрийн албанд орохоор баттай шийдээд анкетаа өгөөд хүлээж байсан надад дүү маань  “Манай дээр нэг ажлын зар байсан, та сонирхооч” гэхээр нь сонирхоод анкет бөглөөд, тест өгч,  Г.Зул захирал, Л.Соронзонболд захирлуудтай ярилцлагад ороод тэнцчихлээ.

Ингээд 2000 оны 9-р сарын 15-д ажилд орж “Хөгжлийн Алтан Сан” ББСБ-д нэгдэж хамгийн залуу ажилтны нэг боллоо. Шинэ ажиллагсдын сургалтад суучхаад Улаанбаатар хотын гурван салбарт дадлага хийгээд, шинэхэн зээлийн мэргэжилтэн болоод байтал надад Өвөрхангай дахь салбарт ажиллах уу гэж санал тавьсан. Би чинь өөрөө тэр нутгийнх учраас татгалзах юм байсангүй. Гэтэл Өвөрхангай аймаг дахь 11-р салбарын менежерээр томилж байна гэдгийг сонсоод их гайхаж, бас их айсан.  Тэгээд 2000 оны аравдугаар сарын 11-нд “Х.А.С” ББСБ-ын Өвөрхангай дахь салбарын менежерээр томилогдоод явж байлаа.

Дөнгөж сургуулиа төгссөн, ажил хийж үзээгүй залуу хүнд ийм их итгэл хүлээлгэсэн нь том хариуцлага байж, сайн ажиллана даа гэсэн урам, итгэлээ өвөртлөөд очсон.

Манай салбарт надаас гадна хоёр зээлийн мэргэжилтэн нэг ня-бо, бид дөрвүүлээ дундаа хоёр компьютертой ажилладаг байлаа. Надад компьютер хэрэглэх боломж гардаггүй байсан тул зээлийн мэргэжилтнүүдийнхээ ажлыг нь тарсны дараа зээлийн саналаа компьютерт оруулж, өдрийнхөө тайланг гаргана. Салбар маань тухайн үедээ 12 салбараас хойгуурхан байранд явж байсан учраас ямар ч байсан байраа ахиулах ёстой гэсэн зорилго тавиад нэлээд шаргуу ажиллалаа. Ажлын маань эхний үр дүн гарч оны эцсээр шилдэг салбар болсон. Тэгээд 2001 оныхоо ажилд шаргуухан ороод мөн ондоо дахин шилдэг салбар, би өөрөө шилдэг менежер боллоо. Тухайн нэг жил ажиллах хугацаанд манай салбарт маш олон гаднын зочин төлөөлөгч ирсэн байдаг. Гэнэтхэн төвөөс залгаад тийм хүн, ийм хүн очно гэдэг байлаа. Миний одоо санаж байгаагаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сарасватти Менон, Ядуурлыг бууруулах төслийн тэргүүн зургаан аймгийн засаг даргын хамт, Хөдөө Аж Ахуйн Банкны шинээр томилогдсон Захирал Питер Морроу, дэд захирлын хамт, Голландын хөрөнгө оруулалтын компанийн төлөөлөгчид гэх мэт маш олон хүн манай үйл ажиллагааг сонирхож, бичил зээлийг хэрхэн олгодог талаар яриулж, заримдаа харилцагчидтай уулздаг байлаа. Тухайн жилийн хамгийн сүүлийн хоёр зочин бол Х.А.С. ББСБ-ын захирал Ч.Ганхуяг, Говийн Эхлэл ББСБ-ын захирал Экхард Эссэр нар  хамтдаа ирсэн явдал. Хоёр санхүүгийн байгууллага нэгдэж байгаа тухай, банк болох ажил эхлүүлсэн тухай бидэнд мэдэгдээд хоёр ББСБ-ын салбар байдаг цорын ганц газар болох Өвөрхангай аймагт салбар нэгтгэх ажлыг хийсэн.

Оны дундуур эхэлсэн нэгдэх ажиллагаа жигдэрч, хамтарсан салбарын менежерээр хагас жилийн хугацаанд ажиллаад миний бие төв албанд очих хүсэлт гаргаад төв албандаа Бичил зээлийн газарт Б.Дэлгэржаргал захирлын удирдлагад мэргэжилтэн болж шилжсэн. Удалгүй 2001 оны арван хоёрдугаар сарын 27-нд Ч.Ганхуяг захирал биднийг өрөөндөө дуудаад арилжааны банкны зөвшөөрлөө гардаж авлаа гэдгээ дуулгасан. Ч.Ганхуяг захирлын хэлснээр Монгол Банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат агсан түүнд: Та бүхэн банкныхаа төрсөн өдрийг энэ өдөр тэмдэглэж байгаарай, танай зөвшөөрөл өнөөдрөөр гарлаа гэж хэлсэн гэдэг.

ББСБ зөвхөн зээл олгодог байсан бол банк болоод ирэхээр үйлчилгээ, дүрэм журам, арга ажиллагаа гээд бүх зүйл өөрчлөгдөх шаардлага бий болсон. Хөдөө орон нутгаар шинэ салбаруудаа нээж өргөжүүлэх ажилд ханцуй шамлан орцгоосон. Миний хувьд эртний нийслэл Хархоринд салбар нээх ажлыг хариуцах үүрэг аваад 2002 оны 1-р сард тэнд сар орчим ажилласан. Очингуутаа нэг ажилтан аваад, оффисын байр түрээсэлж ороод, засвараа эхлүүлж будаг, шохойны ажил хийж, төвөөс ирсэн ширээ сандлаа угсраад хажуугаар нь зээлийн өргөдлөө хүлээж авч бэлэн болгоод сарын дараа нээлтээ хийгээд хот руу буцаж байлаа. 2002 оны 6-р сард Дундговь аймаг дахь салбарын үйл ажиллагаа бага зэрэг доголдож, намайг захирлын үүрэг гүйцэтгэгчээр хоёр сарын хугацаатай томилсон. Салбар маань ч хоёр сарын дотор эрс өөрчлөгдөж, бүх үзүүлэлтээ 30-50% сайжруулсан тул би сэтгэгдэл өндөртэй төв рүүгээ буцсан. Буцаж ирээд удаагүй байтал банк бүтцийн өөрчлөлт хийж, намайг Салбарын Үйл ажиллагааны Газрын захирлаар томилсон. Ажилд ороод хоёр жил ч болж амжаагүй надад бас л айдас, хариуцлага хоёр зэрэг ирсэн.

Миний хувьд хот, хөдөөгийн бүх салбар болон бүсийн менежерүүдээ хариуцаж, шинээр нээгдэж буй салбаруудын үйл ажиллагааг жигдлэх, нэмж салбаруудыг эхлүүлэх ажлыг гардан хариуцаж байсан. Бид хоёр, хоёр хүнтэй баг болоод Ховд, Увс, Баян-Өлгийн гурван салбарыг нэг өдөр зэрэг нээхээр явж байлаа. Хоёр долоо хоногийн турш бэлтгэл ажил, сургалтуудаа хийгээд, анхны зээлээ олгож, салбаруудын нээлтээ зэрэг хийгээд Улаанбаатар руу нисэж ирээд маргааш өглөө нь машинд суугаад Дорнод, Сүхбаатарын салбаруудыг эхлүүлэхээр замд гарч байлаа. Баруун гурван салбарын нээлтээс 14 хоногийн дараа зүүн хоёр салбарын үйл ажиллагааг бас нээсэн санагдаж байна. Иймэрхүү байдлаар 2-3 жил ажиллахдаа би Монгол орныхоо бүх аймгийг хоёроос гурван удаа бүтэн тойрсон байна. Шижигнэсэн залуусын хүчээр л энэ бүх ажлын ард гардаг байлаа.

Нэг дурсамж хуваалцахад Увсын Монгол Банкны захирлын хэлсэн үг санаанд орлоо:  “ХасБанк” гэх шинэ банкны салбарын ажиллагсад гэсэн чинь баахан жаахан хүүхдүүд байна. Гэтэл төвөөс нь нээлт хийх гээд энэ хэдээсээ жаахан хүүхдүүд хүрээд ирлээ” гэсэн инээдтэй яриа нутгийнхны дунд гарсан байсан.

Тэр үед Монголын аль ч банк руу ороход 40, 50 гарсан эгч нар голдуу сууж байдаг, банкны үйлчилгээ хөшүүн хойрго талдаа байхад манай ХасБанк залуусын хүч, шинэ бодлого үйлчилгээтэйгээр салхи татуулан орж ирж байсан.

Жишээ нь, Өвөрхангайд ББСБ-д биднийг ажиллаж байхад “Монгол шуудан” банк, Хөдөө аж ахуйн банк гэсэн хоёр газар байлаа. Иргэд зээл авахын тулд банкнаас очиж гуйдаг, танил тал арын хаалгаар ажил нь явдаг. Харин бидний хувьд ирсэн зээлийн хүсэлтүүдийг нямбайлан судалж, бүх зээлдэгч нараа сургалтад хамруулдаг байсан. Сургалтаараа өрхийн орлого зарлагыг нь тодорхойлж, бизнесийн зөвлөгөө өгч, хариуцлагатай зээлдэгч байхад бэлдэж, санхүүгийн боловсрол олгоно. Хэрвээ манай сургалтад суугаагүй бол зээл олгодоггүй журамтай.

Энэ бол үнэхээр Монголын санхүүгийн салбарт үзэгдэл болсон, иргэд харилцагч нартай маш хэрэгтэй арга технологи байсан гэж бардам хэлнэ. Сургалтад хамрагдаж, санхүүгийн боловсрол тодорхой хэмжээнд эзэмшсэн, орлого зарлагаа хянаад хөтөлдөг болсон зээлдэгчдийн маань бизнес дорхноо дэвжиж, илт сэргээд эхэлсэн дээ. Бид өөрсдийн гараараа зээлдэгчдийн орлого зарлагыг бүртгэх дэвтэр бэлдэж, оройжин шугамдаж суудаг байлаа. Харилцагч нартаа чин сэтгэлээсээ хандаж, үйлчилсэн шиг үйлчилье гэсэн зорилго биднийг урагш хөтөлдөг байв. “Х.А.С” ББСБ маань “ХасБанк” болж өргөжихдөө ч бид энэ үнэ цэнээ гээгээгүй. Харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш нь байх, ингэхийн тулд эхнээсээ харилцан зөв, эерэг уур амьсгал бүрдүүлж, үйлчилгээгээ хүртээмжтэй, хялбар хүргэж, хэрэгтэй мэдлэг мэдээллийг олгож байсан учраас харилцагч нарын маань ч бизнесийн үйл ажиллагаа өсөж, банк ч дагаад томорсон.

***

“ХасБанк” маань эрчимтэй хөгжиж, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, хувь нийлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж ирсэн. Миний хувьд 2004 онд Картын төвийн захирлын албан тушаалд томилогдож, удаах жил нь анхны төлбөрийн карт МастерКартыг зах зээлд гаргаж байлаа. Банкны үйлчилгээг цахимжуулах ажил тэр л үеэс эхэлж өнөөдрийн түвшинд хүрсэн гэж ойлгож байна. Картын бизнес маань жигдэрсний дараа намайг Маркетингийн Газрын Захирлаар томилсон. Энэ хугацаанд банкийг олон нийтэд таниулах, шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийг харилцагчдад ойлгуулах, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг эзэнд нь хүргэх зэргээр банк маш завгүй ажилладаг байлаа.

Банкны үйл ажиллагаа томроод ирэхийн хэрээр хөдөө сумдын иргэдэд банкны үйлчилгээг хэрхэн хүргэх ажил бидний дараагийн сорил байв. Сумдад банкны үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэж бид удаан бодсоны эцэст хоёр хувилбар гаргасан. Нэгд, аймгийн төвийн салбарынхан тодорхой хуваарьтайгаар сумдаар явж зээл олгож, банкны үйлчилгээгээ хүргэнэ. Хоёрт, сумдад байгаа хадгаламж, зээлийн хоршоодод манайхаас франчайз үйлчилгээ үзүүлэх. Банкны ноу-хаугаа багц болгон тэдэнд санал болгож, үүнд орон нутгийн иргэд өөрсдөө хувь нийлүүлэн оролцож эхэлсэн. Явуулын банкны үйлчилгээний анхны ажилд гар бие оролцож, олон ч сумаар явсан. Бид хаанаас эхэлснээ мэддэг бөгөөд өөрсдийн мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцах нь ХасБанкны соёлын салшгүй нэг хэсэг.

“Хөгжлийн Алтан Сан”-ийн эхлэл рүү очвол 1998 онд бичил бизнесийг дэмжих зорилготой НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Микростарт-Монгол” төслийн санхүүжилтээр эхэлж байсан. Энэ төслийг 10 оронд хэрэгжүүлснээс үйл ажиллагаа нь амжилттай явж, улмаар банк болох хүртлээ томорсон ганц нь манайх болж байлаа. Амжилттай сайн жишиг болсон учраас Зүүн өмнөд Азийн орнуудын банк, санхүүгийн салбарынхан манай дээр их ирж, туршлага судалдаг байсан.

***

2008 оноос эхлэн ХасБанк гадаад зах зээлд гарах бизнес төлөвлөгөө гарган хөрш зэргэлдээ орнуудын олон газар судалгаа хийсний эцэст МикроСтарт-Монгол төсөл, “Хөгжлийн Алтан Сан” ББСБ, ХасБанкны амжилттай туршлагыг Азийн орнуудад гаргах, тэр дундаа Хятадын алслагдсан  хэсэг болох Шинжаан Уйгарын Автономит улсын нийслэл Үрэмч хотыг сонгож төслийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг миний хамтрагч С.Дауренбек бид хоёрт хариуцуулж буйгаа удирдлагууд дуулгасан. Ингээд 2010 оны аравдугаар сарын 11-нд буюу анх Х.А.С-гийн томилолт аваад Өвөрхангайг зорьсноосоо яг арван жилийн хойно дараагийн аялалдаа гарч байж билээ. 

Бүх зүйл яг л миний анхны ажлын эхлэл шиг байж, түрээсийн байр, ажиллах хүмүүсээ хайж олох зэргээс эхэлсэн. Нэг өөр нь, банк маань томорсон байсан учраас тавилга сэлтээ арай ч өөрөө угсраагүй (инээв). Хятадад бичиг баримт авах процесс их уддаг учраас хоёр жилийн дараа бид зөвшөөрлөө авч, “ТианРонг” буюу Тэнгэр-Санхүү гэсэн утга бүхий нэртэй компанийнхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Энэ төсөлд Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) стратегийн хөрөнгө оруулагчаар хамтран ажиллаж мөн техник туслалцааны хүрээнд төсөл эхлэлтийн тодорхой зардлуудыг хариуцан төлдөг байсан. Х.А.С-ийн амжилттай жишээгээ та бүхэн өөр улсад хэрэгжүүлээч, бид та бүхнийг дэмжье гэсэн агуулгатай байсан гэж би ойлгодог.

Энэ бол бидний хувьд монгол хүний хувьд маш их бахархалтай ажил байсан санагддаг. Тэнд бид гурван салбар, 40 гаруй хятад (үндэстэн, ястнуудаас бүрдсэн) ажилтантай байлаа. Тэр бүх хүнийг манай ХасБанкны ажилчид сургаж, зөвлөгөө өгч, бүх зүйлийг нь зааж өгсөн. Анх таван хөрөнгө оруулагч 20 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийж эхлүүлсэн төслөө миний бие 2014 оны дунд үе хүртэл удирдаад дараагийн удирдлагын багт хүлээлгэн өгсөн. Намайг ажлаа хүлээлгэж өгөх үед 800 орчим зээлдэгч, 1 сая ам.долларын хуримтлагдсан ашигтай болтлоо томорсон байлаа. Бид тэндхийн хятад ажилчдад маш олон зүйлийг шинээр зааж, томоохон боломжуудыг нээж, олон улсын түвшний сургалтуудыг орж, стандартыг нэвтрүүлсэндээ өөрсдөөрөө бахархдаг. Тэнд байх хугацаандаа Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч хийсэн ажлаа тайлагнаад, монгол залуус Хятадад санхүүгийн байгууллага удирдаад, туршлагаа экспорт хийж байгааг танилцуулахад үнэхээр хамгийн сайхан мэдрэмж байсан.

Хятад дахь төслөөс ирсний дараа нэгдүгээр сард болдог Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн тайлангийн хурлын үеэр намайг дуудаж, “Хас Эрдэнийн одон”-ийн анхныхыг гардуулахаар болсноо манай ТУЗ-ийн дарга Ч.Ганболд, Гүйцэтгэх Захирал М.Болд нар хэлж байлаа. Тэгэхдээ “Чингис хаан тэртээх 13-р зуунд хүлэг баатруудаа удирдан, хилийн чанадыг дайлаар мордож байсан бол өдгөө энэ зуунд банк санхүүгийн салбараас их гүрнийг байлдан дагуулж, банк санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнийг нь монгол залуус удирдан, гардаж хийсэн нь Монголын санхүүгийн салбарт түүхэнд тэмдэглэх үйл явдал байсан шүү” гэсэн үг хэлээд надад “Хас Эрдэнийн одон”-г гардуулж байсан. Би энэ төсөл дээр ажиллаж байхдаа ХасБанкны үе үеийн бүх гүйцэтгэх захиралтай хамтарч ажиллах боломж гарч байсан. Мэдээж хэрэг төслийн санаачлагч Ч.Ганхуяг захирал намайг ажиллаж байх хугацаанд миний Менежментийн зөвлөхөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан, Д.Бат-Очир захирал манай Компанийн анхны ТУЗ-ийн даргаар, М.Болд захирал төслийг гардан эхлүүлэх хэлэлцээрт манлайлан оролцож улмаар ТУЗ-ийн даргаар хэсэг ажилласан. Одоогийн ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав тухайн үед ТСН-ийн санхүү хариуцсан захирал байхдаа манай компанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг гардаж хариуцаж байсан. Энэ төсөлд сургагч, зөвлөхөөр ажилласан олон олон Тэнгэрчүүд, Хасчууд байсныг зориуд хэлмээр байна. Миний дараа төслийг залгамжлан удирдсан Д.Тэнгис захирал маань төслийг амжилттай хааж, орон нутгийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх ажлыг маш чадмаг гүйцэтгэсэн.

Би 2014 онд Монголдоо буцаж ирээд “Тэнгэр Даатгал” компани руу шилжиж, гүйцэтгэх захирлын орлогчоор жил гаруй ажиллаж байгаад АНУ-руу сурахаар явсан. Гурван жил сурч ирээд, 2019 оноос одоог хүртэл “Тэнгэр Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ингээд харахад би “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн гурван охин компанид ажиллаж үзжээ. Энэ жил Тэнгэр Даатгал компанийн маань 20 жилийн ой мөн давхцаж байгааг зориуд хэлмээр байна.

***

“ХасБанк”-ны маань 20 жилийн ой энэ сарын 27-нд тохиох гэж байна. Урт хугацаа юм шиг хэрнээ хийсэн бүтээснээ эргээд харахаар цаг хугацаа харвасан сум шиг хурдалжээ.

Эхний он жилүүдэд бидний үйл ажиллагаа, үйлчилгээ бүхэн дандаа шинэ байж ирсэн. Анхны теллерийн системийг нэвтрүүлж, санхүүгийн сургалтуудыг хэрэглэгчдэдээ хүргэж, франчайзингийн үйлчилгээ туршсан гэхчлэн дурдвал олон зүйл байна. Бид төдийгөөс өдий хүртэл өсөж, том хэмжээний банк болсон ч гэсэн жанжин шугамаасаа ухраагүй, үнэт зүйлээ өөрчлөөгүй нь “ХасБанк”-ны хамгийн том амжилт гэж бид боддог. Банк, санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд хүрэх, бичил зээл олгох, жижиг дунд бизнесийг дэмжих бодлого маань одоо ч бидний анхаарлын голд байдаг.

ХасБанк мэргэжлийн туршлагатай хувь нийлүүлэгч, бидэнд итгэж хөрөнгө оруулсан гадаадын олон байгууллагын амжилттай ноу-хау, дэлхий дахинд аль хэдийн туршигдаж үр өгөөжөө өгсөн арга аргачлалыг Монголдоо нутагшуулж чадсан нь бас томоохон амжилт юм. Сайн туршлагууд биднийг сайн зам руу ямагт хөтөлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд “ХасБанк” цахим шилжилтийг хийж, дижитал банкны үйлчилгээнд гол анхаарлаа хандуулж байна. Салбаргүй банкны үйлчилгээ, гар утас дээрх банк гэсэн трендийг бид дэлхийн жишгээс хоцролгүйгээр нэвтрүүлж эхэлсэн. “ХасБанк”-тай 20 жилийн өмнөөс харилцаж эхэлсэн хэрэглэгчид, тэдний хүүхдүүд технологи дээр хэдийнээ дадал болж, эрэлт хэрэгцээ нь ч өөр түвшинд шилжиж байна. Бид анхнаасаа харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш байхыг тэмүүлж ирсэн учраас тэднийг дагуулан хөгжиж байгаа.

“ХасБанк” ирэх онд IPO гаргаж, олон нийтэд нээлттэй банк болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байгаа. Миний мэдэхээр ХасБанк анхнаасаа “олон нийтийн банк” байж ирсэн. Анх эхэлж байсан бизнес модель нь банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа алслагдсан хөдөө орон нутгийн иргэдээс эхэлж, анхны салбар нь Дорноговь аймгийн Айраг суманд нээгдэж байсан шүү дээ. Үүнээс хойш шат дараатайгаар, маш амжилттай, тогтвортой өсөлтийг үзүүлж өдийг хүрсэн. Туулсан зам гэдэг юугаар ч орлуулшгүй, хамгийн том баталгаа юм.

Банкны засаглалын хувьд “ХасБанк” хэзээд ялгарч ирсэн. Байгууллагын соёл, стандарт гэдэг зүйлийг дээд түвшинд гаргасан, сонгодог жишээ гэж би боддог. Тийм ч учраас 20 жилийн өмнөх бичил зээлийн байгууллага өнөөдөр Монголын системийн дөрвөн том банкны нэг болж чадсан байна.

Өнгөрсөн онд Банкны тухай хуульд шинэчлэл орж, нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас дээшгүй байх зохицуулалт хийхээр болсон. Гэтэл үүнийг ХасБанк аль хэдийн хэрэгжүүлчихсэн байсан. Хэн ч давуу эрхтэй шийдвэр гаргахгүй, олон хувь нийлүүлэгч бие биедээ хяналт тавьж, хамтын шийдвэр гаргадаг нь манай хамгийн том давуу тал. Миний л бодлоор “ХасБанк”-ны энэ бэлээхэн амжилттай жишээн дээр үндэслэн Монголбанк, УИХ шийдвэр гаргасан болов уу гэж хардаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x