Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 33 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг.

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий улс орнууд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг болсон юм.

Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2021 онд тус өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 322 хүн байна.

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар хэрхэн халдварладаг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөв мэдлэгтэй байх нь энэхүү халдвараас сэргийлэх хамгийн чухал зам юм. ХДХВ/ДОХ-ын халдварлах зам болон урьдчилан сэргийлэх арга замын талаар 15-49 насны таван эмэгтэй тутмын нэг нь (23.3 хувь), эрэгтэйчүүдийн 23.1 хувь нь зөв мэдлэгтэй байгаа ч энэ нь хангалтгүй үзүүлэлт юм.

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах хандлагыг үнэлэх зорилгоор “Хэрэв ногооны худалдагчийг ДОХ-ын халдвартай гэж мэдвэл түүнээс ногоо худалдаж авах уу” гэсэн асуултад эрэгтэйчүүдийн 52.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 54.5 хувь нь ХДХВ-ийн халдвартай худалдагчаас ногоо худалдаж авахгүй гэжээ. Энэ нь Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах хандлага өндөр байгааг илтгэж байна.

 
 
 
 
Зөвлөгөө

ДОХ юугаар үүсгэгддэг вэ?

ДОХ нь вирусээр үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг ХДХВ буюу

  • Хүний
  • Дархлал
  • Хомсдолын
  • Вирус гэдэг.

ДОХ гэж юу вэ?

  • Дархлалын: Хүний биеийн дархлалын тогтолцоо нь аливаа өвчний эсрэг хамгаалалт юм.
  • Олдмол: Хүний биед гаднаас орж ирсэн гэсэн үг.
  • Хомсдол(Ямар нэгэн зүйл дутагдаж, хангалтгүй) Хамгаалах чадваргүй болж суларсныг илэрхийлнэ.

ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал- үрийн шингэн, үтрээний шүүрэл
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд – төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр

Халдварын хэлхээ

  • Халдварын эх уурхай – ХДХВ/ДОХ-той хүн
  • Өртөмхий байдал – бүх насны хүмүүс

(яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана)

Цонх үе гэж юу вэ?

  • Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл 3 сар өнгөрдөг ба энэ хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэдэг.
  • Иймээс ямар нэг эрсдэлд орсон бол 3 сарын дараа дахин шинжилгээ өгөх хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартайг эрт мэдэх боломж бий юу?

  • Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байдаг.
  • ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй.
  • Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараадаг.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм.
  • ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг санал болгож байна

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаар ямар ач холбогдолтой вэ?

  • Халдвартай хүн ХДХВ-ийн халдвартайгаа эрт мэдсэнээр эмчийн хяналтад орж, эмчилгээнд эрт хамрагдан урт удаан хугацаанд амьдрах боломжтой юм.
  • Жирэмсэн эх ХДХВ-ийн халдвартайгаа мэдсэнээр “Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ”-нд хамрагдаж эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг ” байх нь халдваргүй, “эерэг ” байх нь ХДХВ-ын халдвартай болохыг илэрхийлнэ.

ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?

  • Тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг.
  • Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн буюу ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.

 ДОХ нь БЗДХ мөн үү?

  • Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.
  • Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?

  • ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
  • Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
  • Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?

  • Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
  • Эмчилгээний үр дүн нь  ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хооллолт) зэргээс хамаарна.
  • РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.

 

 

Эх сурвалж: ХӨСҮТ