Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани АНУ-д $17 тэрбумын хөрөнгө оруулж, хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани АНУ-ын Техас мужид хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар болсноо зарлажээ. Уг бүтээн байгуулалтын үр дүнд Техас мужид $17 тэрбумын хөрөнгө оруулалт, 2,000 гаруй ажлын байр бий болох юм байна.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо “Хагас дамжуулагч эд ангийн дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь манай үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой” гэж Самсунгийн шийдвэртэй холбоотой гаргасан мэдэгдэлдээ сайшаажээ.

Цагаан ордон мөн уг шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна.

“Энэ үйлдвэр Техасын хил хязгаарыг давж, дэлхий дахинд нөлөөлөх хүч чадалтай” гэж Техас мужийн захирагч Грэг Эббот төлөвлөгөөг зарлах хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Шинэ үйлдвэр Техас мужийн төв Остин хотоос 50 орчим километр зайтай газарт байгуулагдах ба Самсунг компани энд өмнө нь олон тэрбумын хөрөнгө оруулалтаар электроник үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж байсан юм.

Шинэ үйлдвэрийн барилгын ажил 2022 оны эхний хагаст эхэлж, 2024 оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлээ эхлэх гэнэ.

Өнөөдөр дэлхийн хагас дамжуулагч эд ангийн хамгийн том хоёр үйлдвэрлэгч нь Тайванийн TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Co), Өмнөд Солонгосын Самсунг Электроникс юм.

Сүүлийн үед дэлхий даяар хагас дамжуулагч эд ангийн хомсдол үүссэн нь хоёр компанийг АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хүргэсэн байна. TMSC өмнө нь Аризона мужид $12 тэрбумаар үйлдвэр байгуулахаар болсон юм.

Самсунг компани үйлдвэр байгуулах газраа олон сарын турш судалсан бөгөөд тус компанийн дэд ерөнхийлөгч И Жэ Ён саяхан АНУ-д зочлохдоо эцсийн шийдвэрийг гаргажээ.

АНУ-д зочлох үеэрээ И Жэ Ён технологийн томоохон компаниуд болох Alphabet, Amazon, Microsoft-ийн удирдлагуудтай уулзсан юм.

Техас мужийн захиргаа Самсунг компанийг эхний 10 жилд хөрөнгийн татвараас 90 хувь, дараагийн 10 жилд 85 хувь чөлөөлөхөөр болсон байна. Үйлдвэр байгуулах газар нь АНУ-ын холбооны засаг захиргааны хөрөнгө оруулалтыг урамшуулах бүсэд багтаж буй тул Самсунг өөр бусад татварын хөнгөлөлтүүдийг нэмж эдлэх ажээ.

 

Эх сурвалж: Bloomberg