Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Йорк хотын алдарт Таймс Сквэрийн шинэ жилийн баярт зөвхөн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс оролцоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нью-Йорк хотын Таймс Сквэрийн талбайд шинэ он солигдох үдэш олон мянган хүн цугларч баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

Цар тахлын ид оргил үед өнгөрсөн оны шинэ жил тохиосон тул уламжлалт баяраа олон хүн тэмдэглэж чадалгүй өнгөрсөн билээ. Тухайн үед олон хүн нэг дор цугларахыг хориглож, баярын гол арга хэмжээнүүдийг телевизээр дамжуулсан юм. Тэгвэл энэ шинэ жилийг цар тахлын өмнөх үе шиг өргөн дэлгэр тэмдэглэх болсноо Нью-Йорк хотын захирагч Билл Де Бласио өчигдөр зарлажээ.

“Таймс Сквэрт болдог уламжлалт баяр маань энэ жил бүрэн хэмжээнд зохион байгуулагдах болсныг бахархалтайгаар зарлаж байна. Олон зуун мянган хүн энэ баярт оролцдог. Бид дахин хамтдаа тэмдэглэх боломжтой боллоо. Энэ жилийн баяр гайхалтай сайхан болох болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Арга хэмжээг зохион байгуулагч Times Square Alliance байгууллагын ерөнхийлөгч Том Харрисын мэдээлснээр уг баярт 5-аас дээш насны бүх хүмүүс коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан батламжаа үзүүлээд оролцох боломжтой гэнэ.

Харин эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй хүмүүсийг шинжилгээний сөрөг хариунд үндэслэн оролцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Associated Press