Живж буй “Титаник” буюу Монголын “Үзэл суртал“
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалт саяхан болж өнгөрсөн. “Ерөнхийлөгч асар чухал сэдэв хөндлөө” “Энэ бол шинэ хувьсгалын уриа” гэж хүлээж авч байгаа хүн харин ч цөөнгүй байгаа нь сайшаалтай.
Аливаа улс төрийн тогтолцоо аажмаар олигархждаг.Улс төрийн ухаанд ч “Олигархийн төмөр хууль “гэсэн ойлголтыг бүр 1911 онд Роберт Майкл оруулж ирсэн байдаг байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа төрийн байгууллага ардчилсан ч бай дарангуйлагч ч шинжтэй ч бай түүнээс үл хамааран томрох явцдаа олигархждаг зүй тогтолтой гэсэн үг юм.
Энэ үйл явц ганц манайд ч биш бүхий л хуучин социалист орнуудад болж байгаа. Яагаад гэвэл бид анх энэ тоглолцоонд орохдоо гагцхүү төвөөс зугтаах хүчээр “төрөөс зайлах “аргаар хуулиа тэр дундаа үндсэн хуулиа хийсэнтэй холбоотой байж мэднэ.
Авлигаар л амьдарч байгаа өнөө цагт хэвлэл мэдээлэл тэр чигээрээ авилгачидын ,олигархуудын хэрэгсэл болоод уджээ. Үнэн хэрэг дээрээ бараг бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл мөнгөөр амаа үдүүлсэнийг бид мэднэ. Томоохон монополь компаниуд энэ олон хэвлэл мэдээлэлийн байгууллагуудыг рекламаар санхүүжүүлдэг эсвэл хэн нэгэн олигархын телевиз бөгөөд бусадтай гэрээ хийхдээ “хаалтын заалт” оруулдаг нь бүр энгийн юм болсон.
Маш товчхондоо бол олигархууд л өөрийнхөө юмыг сурталчилж өөрийгөө магтуулж өрсөлдөгчдөө захиалгаар алж болдог газарууд л гэж ойлгож болно. Мөнгөгүй бол танд фэйс мээсхэн л олдоно гэсэн үг. Гудамжинд ухуулах хуудас наалтай биш.
Хадгаламж зээлийн хоршооноос болоод насаараа хохирсон төгөлдөр хуурч бүсгүй арай гэж нэгэн улс төрч эрхэмээс нэвтрүүлгийн мөнгө хувиараа гуйж байж аваад нэг нэвтрүүлэг хийлгэж хэдхэн гаргаад л “мөанга бай күү” болсон болохоор таг болох жишээтэй .
Ийм хэвлэл мэдээлэлтэй болоод удаж байна.
Сахил хүртээд шал дордов гэгчээр саяханаас зохиогчын эрхийг хэргэжүүлээд орхитол … дарга, сайд ,үйлчлэгч, цэвэрлэгч ,ерөнхий сайд ялгаагүй гэртээ хариад зурагтаа асаахад дандаа л хуучны бүр социализмын үеийн хар цагаан “үзэл сурталжсан” кинонууд залхтал гарч эсвэл “Ухаалагаараа” тэргүүлж яваа төртэй Солонгосын кинонууд л үлдэж хоцорчээ. Одоо цаашдаа залуус улам солонгосжино.Тийшээ очиж боол болцгооно.
Энэ одоо хэнд хэрэгтэй “Үзэл суртал “ вэ? Өнөөх “үзэл сурталгүй” ардчилсан нийгэм гэдэг тэгээд энэ үү? гэсэн асуулт гарч ирнэ.
“Үзэл суртал” гэдгийг тухайн хэн нэгэн хүний зорилго ,үйл хөдлөлийг нөхцөлдүүлж өгдөг итгэл,үнэлэмж,үзэл санааны цогц гэж ойлгох ёстой бөгөөд массд чиглэн явуулж байгаа суртал нэвтрүүлэг гэж шууд ойлгож болно. Яагаад өнөөдөр Солонгос кино ийм хурдтай бүхий л Азийн орнуудыг эзлээд байгааг өнөөх л “Ухаалаг “ төртэй болсон гэх тэр улсын “Үзэл сурталтай” холбон ойлгож болно.
Хэний үзэл суртал хир зэрэг хүчтэй байхыг өнөөх “Олон нийтийн” телевизүүд шийддэг ажээ. Тэхээр та “Би Би Си” гээр хэзээ ч солонгос сериал харахгүй л гэсэн үг.
1950 иад оны үед нэг малчин аргаль түүж яваад амьдралдаа анх удаагаа орос геологчтой тааралдаад ухаан алдаж унасан гэж байгаа. Яагаад гэвэл тэр хүний “үнэлэмжинд” тийм муухай хөнхөр нүдтэй хувхай царайтай хачин урт шонхор ха мартай , урт хөлтэй хүн чөтгөр шиг , эсвэл харь гарагын хүн шиг л харагдаж байсан болоод тэр.
Гэтэл өнөөдөр тэр муухай цонхийсон хүмүүс л гоо сайхны билэг тэмдэг бүүр “ сонгодог” болж орхисон биз дээ. Энэ бол зөвхөн масс мэдиа буюу хэвлэл мэдээлэлийн л ялгуусан ялалт шүү дээ.
Британи ч тэр Япон ч тэр маш олон телевизын сувгуудтай хирнээ яагаад олон нийтийн гэх тодотголтой “Би Би Си” “ Эн Эйч Кэй” зэргээ төрөөс дэмжээд явдаг юм бэ гэвэл “Үзэл суртал” гэдэг юм аа гэж шууд хариулна. Бараг үздэггүй ч байсан хамаагүй кабелийн суваг сонгохдоо Япон хүн заавал “Эн Эйч Кэй”тэйг Британи хүн заавал “Би Би Си” тэйг сонгодог тийм хүчирхэг үндэсний нэрийн хуудас, төрийн хүч явж байдаг байх нь.
Сэтгүүлч Г.Бадамсамбуу хэдэн жилийн өмнө японд “Эн Эйч Кэй” гын хэд хэдэн төвөөр орж судалгаа хийж л дээ. Асар олон давхар ордонгууд , толгой эргэмээр том төсөв мөнгө , үй түмэн кино мэдээний үйлдвэрүүд, салбар шинжлэх ухааны туршилтын төв гэх мэт толгой эргэмээр олон юм үзээд энэ чинь хэд “Улс дотрох улс” юм байна гэж харж ядраад “ Та нар намайг хамгын бага нэг салбартаа аваачаад хаячих “ гэжээ. Өнөөдүүл нь 150 хүн ажилдаг нэг бага төвд хүргэж өгч.
Тэрээр энэ л манайд таарах төв байна гэж бодоод жилийн төсвийг нь асуутал 80 сая доллар гэжээ. Г.Бадамсамбуу арван найм гэчихвүү… эсвэл найм гэчихвүү… гэж эргэлзээд дахиад асуутал 80 сая доллар гэж хариулсан тухайгаа надад ярьж билээ. Ингээд бодохоор бүүр жижигхэн “Үндэсний олон нийтийн телевизтэй” болчихсон нь дээр гэж бодоод байдаг ер нь зөв үү? Бээжин орж үзсэн хүн бүр Хятадын төв телевизын байрыг харсан л байгаа. Ямар аврага том юм байдаг билээ дээ.
“Би би си” гын хийсэн баримтат кино бол бараг л дэлхийн баримтат киноны стандарт. Британи хүн, бүхний дээд нь гэсэн үндэсний үзэл нэвт шингэсэн консерватив улс учраас “Би Би Си” г ямагт тэргүүн зэрэгт дэмжиж ирсэн.Түүгээрээ үзэл суртлаа гадаад ертөнцөд явуулдаг.
Энэ хоёр том олон нийтийн тв хамтраад “ Монголын эзэнт гүрэн” цуврал баримтат кино хийж бид бараг тэндээс түүхээ сурах шахаа биз дээ.
Гэтэл бид дахиад л саяхан төрөөс 100 хувь хамааралтай “ үзэл сурталын” байгууллага байсан газраа бас л төвөөс зугтаах мэдрэмжээр салгаад “бид ямар зэвсэг юм уу?” гэж хашгирсаар байгаад ийм болгож орхисон. Уг нь нэг жилд 7 тэрбум бас үзэгчдийн татвараар 2 тэрбум авчихдаг мөртлөө өдөр өдрөөр үзэгчээ алдаж байгаа газар. Гэтэл саяхан бас Ч.Даваабаяр гэх шинэ дарга авилгын аалзны тор таслах гэж байгаад өөрөө тороноос мултарч унаад “халагдлаа” гэж шуугиад байгаа.
Монголоо том гэж харагдуулах гэж байгаа бол эхлээд энэ олон нийтийн гэдэг тв г бүр ч харин хүчирхэгжүүлэх хэрэгтэй юм биш үү? Тэр том саарал байшинг нь давхарлаж бариад бүүр ч хүчирхэг зэвсэг төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуайн хэлсэнээр үндэсний оюун санааны “вакцин” үйлдвэрлэдэг газар болгох ёстой юм биш үү?
Төвөөс зугтаах биш үзлээр бодвол манайд уг нь бас ч гэж хуучин ситемийн үед бодлого үзэл суртал аль аль нь байсан болохоор нэг маш том байгууллага байсан нь “Телекино үйлдвэр” билээ. Зах зээлийн салхинд салж унаад “Өлзий” пүүс гэж жоохон яваад дараа нь нийслэлийн өмчид хамааралтай болж эцэстээ “UBS” гэх гадаад нэртэй болсон газар л даа уг нь. Тэнд ажиллаж байсан Д.Хишигт гуайн “ Ингэний нулимс ” баримтат кино тэр үедээ “Радуга” хэмээх олон улсын наадмаас гран при авч ирж байсан байдаг.
Ийм телевизын киноны үйлдвэрийг давын түрүүн сэргээх хэрэгтэй.
Ингэж чадвал телевизийн кино, сериал, баримтат кино гарч эхлэнэ. Теле кино үйлдвэр л анх удаа сериалын салхыг хагалж “Эзэнгүй айл ” олон ангит кино хийж байлаа. Дахиад үүнийгээ сэргээвэл олон ч “ Тусгай салаа” “Хувь тавилангын ээдрээ” гарч цаашлаад Монгол Жан гу мэн гарч ирнэ. Үүнийг төрийн ухаалаг бодлого хэмээнэ. Айлаас эрэхээр авдраа сайн ух. Киног төрөөс хэрхэн дэмжих –“ухаанаа” олохгүй байгаа энэ цагт теле кино үйлдвэртэй бол гээд төсвөөс одоо өгч байгаа төсөв дээрээ олигтойхон нэмж өгөөд эсвэл бүр тусд нь шинээр байгуулахад яагаад болохгүй гэж. Хэн хүнгүй л ядарч гэртээ ирээд гайгүй сайхан сериал үзэж Монголоо магтаж сууна биз дээ.
Энэ Солонгосуудаас бид яагаад доор сериал хийх ёстой юм бэ? Ийм дэмжлэг үзүүлэх их амархан. Бидэнд кино хийчих сэдэв нь ч дүүрэн, хийх хүмүүс нь ч бэлэн байна. Тэндэр зарлаад ч гэсэн хийж болно. Броад кастинг систем гэдэг нэрээ жоохон өргөжүүлэх цаг хэдийнээ болсон. Тэгээд ч телевизын гол хоёр үйлдвэрлэл бол мэдээ, кино хоёр шүү дээ. Үлдсэн багахан цагт маш сайн хэдхэн том проёкт байхад л болоо.
Бас одоо энэ олон телвизүүдээс сайн гэсэн нэвтрүүлгүүдийг худалдаж аваад гаргаад бас архивлаад байхад яваад л өгнө. Үндэсний телевизээр миний нэвтрүүлэг гарсан …гэж бахархах шалгууртай байхад л болоо биз дээ. Олон нийтийн л тв юм бол олон нийтэд яагаад шилж тоймлож үзүүлж болдоггүй юм бэ? Яахаараа “Си 1” мэдээ тоймлож болдог Үндэсний олон нийтийнх болохоор болдоггүй юм бэ гэх мэтээр амархаан янзалж болмоор юм зөндөө л байгаа юм даа.
Энэ газраас анх би хүн болж, сэхээтэн болж бүтээл туурвилаа эхэлсэн болохоор анхаарч харахгүй зүгээр л нэтээс дуртай киногоо татаж үзчихээд л амиа бодоод сууж болох ч бас ч гэж өмөөрөх сэтгэл төрөөд байдаг болохоор би дуугүй өнгөрч чаддаггүй юм. Хэдэн жилийн тэртэй “Лир ван шиг хувь тавилантай Монгол телевиз” гээд бичиж орхитол олон хүн намайг зүхсэн. Одоо ч энэ дарга нарынх нь нэг намайг нэг хүлээн авалт дээр “ Согтуу таарсан бол шанаадах байлаа “ гэж ч байлаа .
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “ Живж буй Титаник “ шиг гэж хэлсэн нь үнэн юм. Гэхдээ живүүлж байгаа шалтгаан нь төр өөрөө буюу тэдний буруу хуулиас үүдэлтэйг тэд ойлгохгүй байна. Ц.Оюундарь ч өөрөө тэр газрын дарга хийж байсны хувьд сайтар ойлгох нэгэн бөгөөд хэцүүдэж байхад хэд хэдэн олон ангит кино хийж нэрийг нь өөд татсан болохоор зовлонг нь сайн мэдэж байгаа .Олон нийтийн гэх статустай байгууллага яагаад хорлимог санхүүжилттэй байж болохгүй гэж? Энэ том том уул уурхайн төсөлүүд яагаад Монголын олон нийтийн төлөөлөл болсон телевизтэй хамтарч болохгүй гэж гэх зэргээр олон асуудалыг зохицуулж болно.Шинэчлэлийн засгын газрын “шинэчлэх” хамгын эхний ажил бол уг нь энэ л баймаар…
Өнөөдөр бид дээр дооргүй нэг асуудлыг шийдээд шинээр хоёр асуудал үүсгэдэг хоёрыг шийдээд дөрвөн асуудалтай тулгардаг ийм л механизмаасаа салаагүй байна.
Дээрхи сэдвээр уулзаж ярилцсан хүмүүсээс сонсож байхад одоо тэгээд тэр газрыг аваад явчих хүн олдохгүй байгаа юм шиг билээ. Арван таван хүнтэй удирдах зөвлөл ганц даргынхаа гарыг харж суудаг бөгөөд өнөөх нь сайхан тэнцүү бялуу хувааж өгч байвал болдог сурагтай. Гол нь нэг дарга солиод нэг л сайн явахгүй болов уу нилээд нухацтай том төсөл боловсуулах хэмжээний томоохон баг бий болгоод гайгүй төсөв гайгүй бүтээлч чанартай алсын хараатай юм хийвэл явж мэдэх юм шиг. Гэхдээ О.Магнай шиг яг хүнээ олвол бас гэж живчихээгүй байгаа “Титаник” шүү . Харин өнөөдөр би зовлон эдлэе гээд очих хүн юу л бол.
Үгүй ядаж л Солонгосын “Ариранг ” шиг дэлхийд гарцтай телевиз болгох хэмжээгээр л төрөөс бодлогтойгоор дэмжвэл босож мэдэх.
За да тэгээд ч ухаангүй “том” төрд “үзэл суртал” хэрэгтэй ч юм уу даа ер нь… Уг нь аль ч улс төмөр зам ,эрчим хүч зэрэг дэд бүтцээ хаячихдаггүйтэй адилхан олон нийтийн хэвлэл мэдээллийн дэд бүтэцээ бүр дотроо сайжруулах төдийгүй гадагшаа дэлхий рүү татдаг л юм байна. Өгөөдэй хааны “Морин өртөө” ч ялгаагүй тэр үедээ л Монголын “Би Би Си” байсан байж таарна.
Тэгээд ч “Монголын хууль гурав хоногт” дэлхийд хүрдэг байсан байж таарна…
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

