Улаанбаатар хот орчмын хөхтөн амьтны тархац, нөөцийн судалгааг хийжээ.
2016 онд ан амьтны мэргэжлийн байгууллагаар хот орчмын хөхтөн амьтдын судалгааг гүйцэтгүүлэхэд 53 зүйлийн хөхтөн амьтантай байсан бол 2021 оны судалгааны ажлын үр дүнгээр Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүнийг багаар нь авч үзвэл:
Дэлхийн Байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл Олон улсын хэмжээнд Анхааралд өртөхөөргүй 86%, Ховордож болзошгүй 9%, Эмзэг 3%, Үнэлгээ хийгдээгүй 2% бол бүс нутгийн хэмжээнд Анхааралд өртөхөөргүй 53%, Ховордож болзошгүй 12%, мөн Устаж болзошгүй 12%, Эмзэг 2%, Мэдээлэл дутмаг 15%, Үнэлгээ хийгдээгүй 5% байна.
Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн долоон дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй, амьдрах орчны хуваагдал орсон зэрэг үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тайланд дурджээ.
Хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийлгэх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор мэргэжлийн эрх бүхий “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!