Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн сэдэв “улиг” болоогүй

ikon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цаг цагийн “халуун сэдэв” гэж бий. Харин халж хөрсөөр сүүлдээ “улиг” боллоо гэгдэж буй нь “тэтгэвэр”. Тэгвэл энэ сэдэв “улиг” болоогүй, улам “халж” байгааг салбар бүрийн, шат шатны нөлөө бүхий төлөөллүүдийг нэг дор цуглуулсан “100 чухал сэдэв - Тэтгэвэр” нэвтрүүлэг санууллаа. Хамтдаа жаахан эргэцүүлье. 

Тухайлбал, Монгол ТВ-ийн “100 чухал сэдэв” нэвтрүүлгээр онцлон хүргэсэн “Тэтгэвэр” сэдвийн хүрээнд үзэл бодлоо хуваалцсан эрхмүүдийн саналыг сонсоход, “тэтгэврийн тогтолцооны суурь ойлголтыг цэгцэлж, хуулийн заалтад нэмэлт өөрчлөлтүүдийг нэн даруй хийх шаардлагатай” гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэжээ. 

Онцлоход, Эдийн засагч Р.Амаржаргал: “Тэтгэвэрт гарна гэдэг бол баярт мөч байх ёстой. Түүнээс биш ял шийтгэл, гутрал байж болохгүй. Учир нь энэ бол хүн амьдралынхаа бас нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал гэж ойлгодог” гэсэн бол Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Дарга М.Оюунчимэг: “Тэтгэвэр бол маш чухал сэдэв. Юугаараа чухал юм гэхээр, хүн яг ид хөдөлмөрлөх насандаа хураасан санхүүгийн эх үүсвэр нь 60 нас гарч, гавьяаны амралтдаа суухад тэр хүний амьдралын баталгаа болж өгдөг” хэмээсэн байна.  

Тэгвэл одоо дахин нэг бодоод үзье. Та тэтгэвэрт гарахад бэлэн байна уу? Энэ нь өнөөдөр Монголчуудын хувьд салбартаа тэргүүлэгч эрхмүүдийн нэгний хэлснээр үнэхээр “баярт мөч” мөн билүү? Таны ойр дотнын хүмүүс тэтгэвэрт гарсныхаа маргаашаас яаж амьдарч эхэлдгийг эргээд нэг саная л даа. Ял шийтгэл мэт санагдахгүй ч аз жаргал айлчлан ирэх нь ховор төсөөлөгдөж магадгүй юм. 

Өнөөдөр бид хийсэн ажил бүрийнхээ тодорхой хувийг татвар, даатгал гээд хэдэн хэсэгт хуваадаг. Үүний цаана “Таны ирээдүйд хэрэгтэй” гэх маш чухал ухагдахуун дагаж явдаг. Тэгвэл бид ер нь ирээдүйгээ яг хаана, хэний гарт атгуулаад байна? гэдэг бодол өөрийн эрхгүй зурсхийн орж ирэв. Нэг л өдөр тэтгэвэрт гарах биднийг ямар ирээдүй хүлээж байгаа бол?

Тэтгэвэр - Ирээдүй. Энэ тал дээр уг нэвтрүүлэгт санал сэтгэгдлээ илэрхийлсэн ард иргэдийн хэлж буйгаар: “Татвар, нийгмийн даатгал төлж төлчхөөд тэтгэвэртээ гараад маргааш нь хорвоогийн мөнх бусыг үзэхийг үгүйсгэхгүй. Тэр үед олон жил ажилласан хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүй. Тэгэхээр, тэтгэврийг өвлүүлдэг л болгомоор байна” гэсэн нь насаараа хөдөлмөрлөсөн зүтгэлээ өөрсдөө хүртэж чадахгүй юм гэхэд ядаж үр хүүхдийнхээ амьдралд нэмэрлэх хүсэлтэй явдгийг илтгэх аж.

Харин өөр нэгэн иргэний үзэл бодлыг сонсвол: “Баахан мөнгө тушаалаа гээд хэдэн жил тэтгэвэр авах нь барьцгүй шүү дээ. Тэгснээс тэр мөнгөө хуримтлуулж байгаад өөр хэрэгтэй юм хийсэн нь дээр гэж боддог. Миний бодлоор ямар ч зорилгогүй мөнгө суутгуулаад байгаа юм шиг санагддаг. Магадгүй би 60 ч хүрч чадахгүй бурхан болчихвол өнөөх нийгмийн даатгалын шимтгэл маань замхраад л алга болно. Үр хүүхдүүдээ ч бодсон, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг өвлүүлж л үлдээмээр байна” гэснээр ард иргэд “өвлөгддөг тогтолцоо” болон ашиг өгөөж хүртээх “хуримтлалын тогтолцоо”-г хүсэж буй нь тодорхой харагдаж байгаа юм. 

 

Нийтлэлийг: Б.Ганчимэг