Д.Эрдэнэбат: Байнгын хороодын дарга нарын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ
АН-ын бүлгийн хурлын мэдээллийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар өглөө. Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх чухал гэсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжих нь зөв гэж үзжээ.
Гэхдээ дан ганц УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдаар ажиллахгүй гэдгийг нь голлох бус цогцоор нь асуудлыг шийдэх ёстой гэдэгт санал нэгдсэн аж. Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль, намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ёстой гэж үзсэн бөгөөд мөн энэ хуулийн хэрэгжих хугацаа 2016 оны долдугаар сарын 1-нээс гэснийг дэмжих нь зөв гэж үзсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёрдугаар асуудал бол Байнгын хороодын дарга нарын асуудал.
УИХ-ын тухай хуулиар бол байнгын хороодын дарга нарын нэг жилийн бүрэн эрх дуусгавар болж байгаа учраас олонхийн бүлэг энэ асуудлыг хэлэлцээд байнгын хороодын дарга нарынхаа хугацааг сунгах уу, эсвэл өөр хүн тавих уу гэдгээ ярилцжээ. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх талаар АН-ын гишүүд тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолыг Эдийн засаг хөгжлийн яаманд хүргүүлжээ. Энэ нь ирэх онд улс орны эдийн засгийн хүндрэл бэрхшээл, үүсч болох эрсдэлүүдийг хянах тогтоол болсон аж.
Монгол Улс Өрийн удирдлагын тухай хуулиа батлах, мөн утааг бууруулах, орон сууцжуулах, хэт төвлөрлийг бууруулах зэрэг улс оронд нэн тулгамдсан асуудлуудыг ч бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Газрын тухай багц хуулийг зарчмын хувьд хэлэлцээд явах нь зөв гэж үзсэн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс ирсэн саналыг ярилцаж санал бодлоо нэгтгэх нь зөв гэж үзсэн байна. Мөн Бэлчээрийн тухай хуулийг ч зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

