Хятадын шинэ хотыг “Детройт” гэдэг
Дампуурсан гэгдэж байгаа Детройт хот өнөөдөр Хятадын үл хөдлөх хөрөнгийн наймаачдын анхаарлын төвд ороод байна. Шүүхийн шийдвэр гарч энэ хот АНУ-ын хамгийн муу хотод тооцогдож эхлэхтэй зэрэгцээд Хятадууд хошуурч эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын төрийн төв телевизээр, Детройтод хоёр давхар сууцыг хос ширэн гутлын үнээр авч болно гэж шагширцгааж байсан юм. Хятадын Твиттер гэгддэг Sina Weibo сайтад “долоон зуухан мянган хүн, нам гүм, цэвэр агаар, бохирдол байхгүй, ардчилал - өөр юу хэрэгтэй юм бэ?” гэж бичсэнийг дурдах хэрэгтэй.
Ярилцацгаах төдий биш, бүр ажил хэрэг болгож эхэлсэн байна. Есдүгээр сард Шанхайн Dongdu International групп Детройтын билэгдэл болсон хоёр цамхгийг 4.2 сая доллар (David Scott building), 9.4 сая доллараар (Detroit Free Press building) тус тус худалдаж авчээ.
Тус бүсийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Каролин Чэн хэлэхдээ “надад 100, 200-аар нь хөрөнгө худалдаж авах хүсэлт тавьсан үйлчлүүлэгчид байна. Тэд үзэхийг ч хүсэхгүй, шууд авна гэцгээж байгаа” гэсэн юм.
Хэдийгээр Детройт нь АНУ-ын стандартаар хамгийн муу нөхцөлтэйд тооцогдож байгаа ч ихэнх Хятадуудын хувьд диваажин бололтой. Детройт руу Хятадуудын асар их мөнгө урсаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

