• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тамир: Хувийн мэдээллээ талаар нэг тараасаар байх уу?

ikon.mn
2021 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

- Ямар хоолонд дуртайг минь төвөггүйхэн таньдаг хиймэл оюун ухааны эрин үед амьдрах нь нэг талаар айдас төрүүлдэг. АйТи салбарын тэргүүн эгнээнд ажиллаж байгаагийн хувьд та энэ бүхнээс айдаг уу, болгоомжилдог уу?

Хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг вэ? Мэдээж биг дата буюу их өгөгдөл дээр суралцдаг. Тэгвэл их өгөгдлийг хэн бий болгодог вэ? Бид бий болгодог. Өнөөдөр дэлхий дээр 5.5 тэрбум хүн интернэт хэрэглэж байна.  Бид алхам тутамдаа хэрэгтэй, хэрэггүй маш их датаг үйлдвэрлэж байна. Үүнийг дагаад стандартын шаардлага хангасан дата төвүүдийн эрэлт нэмэгдэж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд хиймэл оюун ухааны эзлэх байр суурь маш өндөр. Мэдээж эерэг бас сөрөг нөлөө бий.  Бид үүнээс айх шаардлагагүй ч хянуур байх хэрэгтэй. Болгоомж бол хэзээ ч илүүдэхгүй. Гар утасны нэг апп татаж, суулгаад хэрэглэхдээ ч хянамгай бас болгоомжтой байх нь зөв гэж боддог. Таны ямар, ямар мэдээллийг нэхэж байна вэ гэдэгт ч ач холбогдол өгч байх шаардлагатай. Жишээ нь хүний зургийг хөгшрүүлдэг, залуужуулдаг, хөөрхөн болгодог, хүүхэлдэйн киноны дүр хүртэл болгодог аппликэйшн  байна. Бид хөөрч баярлаж, хэрэглээд л хөөрхөн зургаа хэдэн лайк авчих гээд л оруулж л байдаг. Үүнийг ард нөгөө их өгөгдөл цугласаар, царай танилтын хиймэл оюун ухаан суралцсаар л байдаг гэсэн үг. Тэгэхээр төрөөс иргэдийг цахим орчны зөв зохистой хэрэглээнд системтэйгээр сургах, суурь ойлголтыг тэлэх ажлууд хийгдэх шаардлага тулгараад байна.

- Дэлгэх ёстой мэдээлэл, дарах хэрэгтэй нууц хүн бүрд байдаг. Эзэн нь үл хүссэн ч нууц нь дэлгэрэх боломж улам бүр нээгдсээр байгаа санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Мэдээж санал нийлнэ. МУ-ын хувьд 1995 онд батлагдсан “Хувь хүний нууцын тухай” хуулиа одоо л эргэн харж байна. Дэлхий нийт цар тахлын нөлөөгөөр 2030 онд хүрэх байсан дижитал шилжилтийн түвшиндээ өнөөдөр хүрчихсэн явж байгаа учраас манай улс цоорхой багатай, сайн хуультай болох яаралтай шаардлагатай байна. Мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байгаагийн 70 хувь нь хүний санаатай болон санамсаргүй байдлаас үүсэж байна гэсэн судалгаа бий. Одоо хэлэлцэгдэж буй хуульд хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хариуцлагыг сайн тусгаж өгөх хэрэгтэй санагдсан.

- Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал манай улсад хууль эрхзүй талаасаа хэр сайн хамгаалагдсан гэж та үздэг вэ?

Цахим хөгжлийг дэмжих багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Мэдээж хууль батлагдлаа гэхэд шууд хэрэгжээд явах боломжгүй. Дэд бүтэц, аюулгүй байдал, техник хангамж, технологийн оновчтой шийдэл, иргэдэд таниулан сурталчлах, ойлгуулах гээд маш олон ажлууд, маш олон оролцогч талуудын нягт хамтын ажиллагааны дараа үр дүнгээ өгч эхлэх ч суурь нь бат бөх тавигдах нь чухал байна.

- Хувийн мэдээллийн аюулгүй байдлаа үл тоомсорлодог бидний нийтлэг зан ямар эрсдэлүүдийг бий болгож байна вэ?

Таны эрүүл мэнд, санхүү, нэр хүнд гээд маш олон зүйлд эрсдэл учруулж болзошгүй. Жишээ нь таны нэр, хүүхдийн тань сурдаг сургууль, хэддүгээр анги гэдгийг мэдэхэд л буруугаар ашиглах сэдэлтэй хүмүүс юу эсийг хийх вэ? Интернэт банкны тань нэвтрэх нэр, нууц үгийг мэдэхэд л юу болох вэ? Энэ бол тоглоом биш, тоохгүй, тоомжиргүй орхигдуулж болох зүйл биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Хувийн мэдээллээ талаар нэг тараасаар байх уу гэдэг асуудлыг нухацтай бодох цаг болсон. Бид энэ тал дээр хэтэрхий хэнэггүй.

 

- Хууль эрхзүйн талаасаа бидэнд ямар зохицуулалт шинээр хийгдэх ёстой гэж та үзэж байна вэ?

Бидний ажил, амьдралын дийлэнх хувь нь цахим орчинд өрнөж бас өнгөрч  байна. Нэн түрүүнд Үндэстний эрх ашгийн төлөө үндэсний хараат бус дэд бүтэц хэрэгтэй. Хэдий болтол бид лицензийн төлбөрт мянга мянган ам.доллар гадагш нь урсгасаар байх вэ? Монгол залуучууд орон зай, газар зүйн систем хийчхээд байхад Төр нь өөрөө ГҮҮГЛ МЭП-д хэзээ хүртэл мөнгө төлсөөр байх вэ? Бүтээж байгаа залуучуудаа хэрэглэгч болгомооргүй байна. Гүүглд төлж байгаа мөнгөөр Монгол залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж нээлттэй байна.  Бодлогоор шийдэх л хэрэгтэй. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг онцгойлон анхаарах, төрийн болоод хувийн хэвшлийн шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлэх боломжтой өгөгдлийг нээлттэй болгох нь халамж тараахаас илүү бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

- Цахим шилжилтэд бүрэн бэлтгэгдэхийн тулд иргэн бүрийн мэдээллийг шинэчилж цэгцлэх нь чухал. Манайд энэ үйл явц хэр удаан явагдах бол?

Мэдээллийг шинэчлэх гэхээсээ илүүтэйгээр одоо төрийн маш олон байгууллага дээр цугласан аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг нэг стандарт, нэг хэл дээр болгох хэрэгтэй байна. Төрийн байгууллага бүр датаг өөр өөрийн стандарт шаардлагын хүрээнд цуглуулж байгаа ч хоорондоо хангалттай уялдаа холбоо үүсгэж чадахгүй байна. Иргэн, аж ахуй нэгж өөрсдийн датагаа и-монголиа платформоос авч чадна, гэхдээ яг шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц зах зээлд тэгш, шударга өрсөлдөөн бий болгох хэмжээний боловсруулсан датаг өгч чадахгүй байна. Энэ нь нөгөө л төрийн байгууллагуудын дата хоорондоо уялдахгүй байгаагийн тод жишээ юм уу даа.

- Хувь хүний мэдээллүүд өнөөдөр банк, үүрэн холбоо, эмнэлэг гээд хувийн байгууллагуудад илүү цэгцтэй хадгалагдаж байгаа санагддаг. Манаачийг хэн манах вэ гэдэг шиг хувийн байгууллагууд хүний мэдээлэлтэй зөв боловсон харьцаж байгааг хэн хянах вэ?

Одоо хэлэлцэгдэж байгаа багц хуулийн төслөөс харвал төр талдаа зохицуулалтуудыг давамгай тусгаж өгсөн байх шиг. Яг үнэндээ төрийн бүрдүүлж төдийлөн чадахгүй байгаа датаг хувийн хэвшил л цуглуулж, хадгалж хамгаалж байна шүү дээ. Гэхдээ зарим талаар бизнесийн зарчмаараа чанартай олон улсын шаардлага хангасан өгөгдөл цуглуулах, хадгалах, дамжуулах аж ахуй нэгж нь ялгарч гараад, тунаж үлдэх нь зөв ч юм шиг. 

Монгол Улсын хэмжээнд TIER2 стандартын шаардлага хангасан хоёрхон дата төв байна. Нэг нь Хас банк нөгөө нь Хаан банкны дата төвүүд юм. Иргэд хадгаламжид мөнгөө хадгалуулахдаа хүү, хувь хэмжээг харахаасаа илүүтэйгээр хэн миний дансны мэдээллийг үнэн зөв найдвартай хадгалж, хамгаалж чадах вэ гэж боддог болсон цагт одоо л бид хувийн мэдээлэлдээ анхаарч эхэлдэг болж байна гэж дүгнэж болох байх. Өнөөдөр бол яг ингэж боддог маш цөөхөн хүн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

- Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хамгийн түрүүнд бид улсаараа ямар зүйлийг яаралтай хийх шаардлагатай вэ?

Иргэдийн цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлын талаарх боловсрол болон ойлголтыг нэмэгдүүлэх, шат шатны боловсролын хөтөлбөрт тусгах, хэрэгжүүлэх шаардлага байна. Бага байхад танихгүй хүн дагаж явж болохгүй, гэрийнхээ хаягийг танихгүй хүнд зааж өгч болохгүй шүү гээд ээж, аав захидаг байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэгэхээр цахим Монгол Улсын иргэний цахим боловсролыг сайжруулъя гэвэл хүүхэд байхаас нь эхлэх хэрэгтэй. 

- Иргэд хамгийн наад зах нь ямар дадлыг өөртөө шинээр суулгах хэрэгтэй вэ мэдээллээ хамгаалахын тулд?

Хэн нэгэн, цаашлаад албан байгууллага, аппликэйшн ер нь таны хувийн ямар нэгэн мэдээллийг шаардаж л байвал, юунд ашиглагдах, хаана хадгалагдах зэргийг ядаж тодруулдаг болоосой гэж бодож байна. Хөл хорионы дараахан албан байгууллага, аж ахуй нэгжийн харуул, эсвэл томилогдсон ажилтан үүдэндээ суучихсан бидний оршин суугаа хаяг, утасны дугаар, регистрийн дугаар, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл гэх мэт маш олон хувийн мэдээллийг цаасан дээр бичүүлж авч байсан. Өнөөдөр тэр мэдээлэл хаана хадгалагдаж байгааг хэн ч мэдэхгүй л байна. Тэр мэдээлэлдээ санаа зовж байгаа хэн ч алга.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
ЗӨВ, ГОЁ
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.