Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын гүнж Мако жирийн залуутай гэрлэж, эзэн хааны ордноос явлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Япон улсын өмнөх эзэн хааны ууган ач, гүнж Мако өчигдөр их сургуульд хамт суралцаж байсан найз Кэй Комуротой хуримаа хийж, эзэн хааны ордноос явсан байна.

2017 онд тэд анх сүй тавьсан бөгөөд тэр цагаас хойш сүйт залуугийн гэр бүлийн санхүүгийн асуудал Японы хэвлэл мэдээллээр дуулиан болж байсан юм.

Эзэн хааны гэр бүлийн гишүүн эмэгтэй жирийн эрэгтэйтэй гэрлэвэл язгуур хэргэмээсээ татгалздаг хуультай. Үүнээс гадна экс язгууртныг энгийн амьдралд хөлөө олоход нь туслах зорилготой нэг удаагийн тэтгэмжийг Япон улсын засгийн газар олгодог.

Харин 30 настай Мако уг тэтгэмжээс татгалзаж, цэвэр өөрсдийн хүчээр амьдралаа төвхнүүлэх сонголт хийсэн юм. Засгийн газрын тэтгэмжийн мөнгө сүйт залуугийн ар гэрийн санхүүгийн асуудлыг шийдэхэд зарцуулагдаж болзошгүй гэсэн хардлага бас үүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Макогийн сүйт залуу, 30 настай Комуро нь АНУ-ын хуулийн фирмд ажилладаг.

Залуу хос хуримынхаа дараа АНУ-д очиж суурьшихаар төлөвлөжээ.

Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш анх удаа Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний хурим уламжлалт нүсэр ёслолгүй болж өнгөрсөн байна.

“Энэ удаа эзэн хааны гэр бүлийн уламжлалыг эвдсэн эрс өөр үйл явдал болж байна. Тэр өөрийн зам мөрөөр амьдрахын тулд санхүүгээ золиосолж, эрх мэдэл, тав тух, аюулгүй байдлаасаа татгалзлаа” гэж Вашингтонд төвтэй Уилсоны Төв стратеги судалгааны байгууллагын дэд захирал Гото Шихоко ярьж байна.

Даруухан болж өнгөрсөн хуримын ёслолын дараа залуу хос товч хэвлэлийн хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад бичгээр хариулжээ.

Дараа нь Мако гүнж Токио хотын Акасака ордноос гарч, гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгээд сүйт залуугийн хамт явсан байна.

 
 

Сүй тавьснаас хойш Комурогийн ээж салсан нөхөртөө 4 сая иений ($35,000) өртэй тухай мэдээ Японы сонин хэвлэлүүдээр цацагдаж байв.

Улмаар уг санхүүгийн дуулиан залуу хосын гэрлэх товд нөлөөлж, хойшлуулж байжээ.

Хэвлэлийн дуулианы улмаас Мако гүнж сэтгэцийн хямралд орсон тухай Японы эзэн хааны ордны захиргаа саяхан мэдээлж байв.

Хуулийн дагуу Мако гүнж жирийн хүний амьдралд шилжихдээ засгийн газраас 153 сая иений ($1.35 сая) нэг удаагийн тэтгэмж авах ёстой ч татгалзсан юм.

Мако гүнж АНУ-д суурьшсаныхаа дараа ямар ажил хөдөлмөр эрхлэх талаар мэдээлэл алга байна. Тэрбээр Токио хотын Олон Улсын Загалмайтны Их сургуулийг урлаг, соёлын өв судлалын мэргэжлээр төгссөн. Тэнд суралцаж байхдаа Комуротой танилцаж байжээ.

Мөн Эдинбургийн Их сургуульд нэг жил суралцаж, Их Британийн Лэйстерийн Их сургуулиас Музей судлалын мастерын зэрэг хүртэж байв.

Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Японы эзэн хааны гэр бүлд нийт 67 хүн багтаж байжээ. Өнөөдрийн байдлаар энэ тоо 17 болоод байна. Тэдгээрээс хаан ширээг залгамжлах эрхтэй гуравхан хүн бий. Тэдгээр нь одоогийн эзэн хааны авга ах 85 настай хунтайж Масахито, одоогийн эзэн хааны төрсөн дүү, 55 настай хунтайж Фүмихито, түүний хүү, 15 настай хунтайж Хисахито нар юм.

Эзэн хааны гэр бүлийн гишүүдийн зардалд Японы татвар төлөгчид зөвхөн энэ жил 25 тэрбум иен ($219 сая) зарцуулжээ.

Үүнд язгууртнуудын хоол хүнс, боловсрол, хувийн зардлаас гадна жолооч, цэцэрлэгч, архивч зэрэг ордны 1,080 ажилтны цалингийн зардал багтдаг.

Харьцуулбал Их Британийн хатан хааны гэр бүлийн 2019-2020 оны зардал $69 сая болжээ. Үүнээс гадна Букингэмийн ордны засварт $40 гаруй саяыг зарцуулсан байна.

Сүүлийн үед Японы эзэн хааны ширээг залгамжлах эрэгтэйчүүдийн тоо цөөрөх болсноос эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрөх асуудал хурцаар яригдах болсон юм.

 

Эх сурвалж: AFP