Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын мэргэжилтнүүд 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Covid-19-ийн эсрэг Pfizer вакциныг дэмжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газрын (FDA) дэргэдэх экспертүүдийн зөвлөл 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Covid-19 өвчний эсрэг Pfizer вакцинд зөвшөөрөл өгөхийг олонхын саналаар дэмжжээ.

Өнөөдөр АНУ даяар ийм насны 28 сая орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа бөгөөд тэдний ихэнх нь сургуульд танхимаар хичээллэж эхэлсэн юм.

FDA экспертүүдийн зөвлөлийнхөө дүгнэлтийг шууд дагах үүрэггүй ч ихэнхдээ дагадаг. Тиймээс хүүхдүүдэд зориулсан вакцин ирэх долоо хоногт зөвшөөрлөө авах магадлал өндөр байна.

Pfizer компанийн мэдээлснээр 5-11 насны хүүхдүүдийг оролцуулсан вакцины клиник туршилт 90.7 хувийн үр дүнтэй байсан гэнэ. Уг насны бүлгийнхэнд 10 микрограммын тунтай вакцин гаргаж байгаа бол 12-оос дээш насны хүүхдүүдийн тунгийн хэмжээ 30 микрограмм юм.

Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины 16-аас дээш насныханд зориулсан тунг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас, 12-15 насныханд зориулсан тунг энэ оны тавдугаар сараас АНУ-ын хүн амын дархлаажуулалтад ашиглаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Reuters