Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ундрам: И Монгол академи гэдэг нэртэй ямар зорилготой, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй газрыг төсвийн хуульд оруулж ирсэн байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ.

Төсвийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд  төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Түүнчлэн төрийн бүх шатны байгууллагаад хэмнэлтийн горимоор ажиллах тухай асуудлыг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллагуудын гадаад томилолт, зочин хүлээн авах, бэлэг дурсгалын зүйл бэлтгэх, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэгт шаардлагатай зардлыг 100 хувь хязгаарласан байна.

Төсөв хэлэлцэх үеэр гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам төсөвтэй холбогдуулан дараах шүүмжлэлийг хэлэв.

Тэрбээр “Төсөв боловсруулж байгаа процесстэй холбоотой шүүмжлэлтэй зүйл ажиглагдлаа. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвөө боловсруулдаг. Энэ хууль 2010 онд батлагдсанаас хойш 11 жилийн дотор нийт 11 удаа Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөн баталсан байдаг. Өөрөөр хэлбэл төсөвтөө тохируулж, Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд байна.

Гэтэл төсвийг тогтвортой байлгахын тулд анх энэ хуулийг баталсан. Төсвийг тогтвортой байлгах асуудлыг цаашид анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн аудитын дүгнэлтээс харахад Засгийн газраар төсвийг хэлэлцэж байгаа байдал нь хангалтгүй байна. Аудитын дүгнэлт дээр “Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын газар, нэгжийн оролцоо хангалтгүй” гэсэн байна. Тэгэхээр төсвийг Засгийн газар хангалттай хэлэлцэхгүй байна.

Мөн ирэх оны төсөвт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалт алга. Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардлагатай санхүүжилтийн хэмжээг заагаагүй гэдгийг аудитын дүгнэлтэд тусгасан байна. Мөн зорилтууд нь тодорхойгүй. Ямар түвшинд очих гээд энэ хөрөнгийг зарцуулаад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Төр зарим үйлчилгээг хувийн хэвшлээс авна гэж байгаа. Гэтэл төсөвт 652.2  тэрбум төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн үйлчилгээний төлбөр гэдэг ерөнхий нэрээр оруулсан байна. Яг юунд хэдэн төгрөг зарцуулах нь тодорхойгүй. Үүнээс болж л төсвийн хяналт суларна. Тиймээс үүнийг тодорхой болгох шаардлагатай байна.

Мөн хоёр яам, дөрвөн агентлагийн асуудал байна. Боловсролын ерөнхий газар гээд 13.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Боловсролын багц хууль яг одоо Их хурлаар хэлэлцэгдэх гэж байгаа. Энэ хуульд шинэ агентлаг байгуулах тухай тусгагдаагүй байхад хөрөнгө төсөвлөөд оруулж ирж байна. Дээрээс нь И Монгол академи гэдэг ямар зорилготой, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй академийн асуудлыг оруулж ирж байна.

178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй улсын хэмжээнд хийх 21 төсөл, арга хэмжээ байна. Бүх аймаг, дүүрэгт юм уу, яг хаана юу хийх нь тодорхойгүй байна” гэлээ.