Их Британи улс Европын Холбооноос гарсны дараа тус улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг байсан зүүн Европын цагаач ажилчид олноор гарч явсан билээ.
Үүний улмаас саяхан тус улс ачааны автомашины жолоочийн хомсдолд орж, шатахуун, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд тасалдал үүсч байв. Коронавирусийн цар тахал энэхүү хямралд бас нэрмээс болж байгаа.
Тэгвэл Их Британийн хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомдсол үүссэнээс гахай нядлах ажил саатжээ. Одоо тус улс даяар 120,000 гахай нядлуулахаа хүлээж байгааг тус улсын Үндэсний Гахайн Аж Ахуйн Холбоо мэдээлсэн байна. Уг бэрхшээлээс гарахын тулд гадаадаас яаралтай ажилчин авах шаардлагыг фермерүүд засгийн газартаа хүргүүлээд байв.
Өчигдөр Их Британийн засгийн газар мах бэлтгэлийн 800 гадаад ажилчинд зургаан сарын хугацаатай шуурхай виз олгох шийдвэрээ зарласан байна.
Гэхдээ визний нөхцлийг хөнгөвчлөхийн тулд англи хэл мэддэг байх шалгуурыг цуцлах фермерүүдийн шаардлагыг хүлээж авах боломжгүйгээ Байгаль Орчны сайд Жорж Юстис мэдэгджээ.
Гахайн аж ахуй нь ажиллах хүчний хомсдолд орсон Британийн эдийн засгийн ганц салбар биш юм. Өнгөрсөн сард тус улсын засгийн газар ачааны автомашины 5,000 гадаад жолоочид, дараа нь шувууны аж ахуйд шаардлагатай 5,500 гадаад ажилчинд богино хугацааны шуурхай виз олгох шийдвэр гаргаж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!