Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Жимсний 1,000 мод” аян эхэллээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хамтран Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой жимсний 1,000 мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ. 

Аяны хүрээнд үхрийн нүд, улаалзгана, монос, интоор гэсэн дөрвөн төрлийн жимсний модны 1,000 суулгацыг тарих аж. Эдгээр суулгац нь 1-3 жилийн дараа жимсээ өгч эхлэхээс гадна тухайн тарьсан орчиндоо эх ургамал болон ургах юм.

Тухайн суулгацуудыг өрх, цэцэрлэг бүр зөв тарьж ургуулах зааварчилгаа өгөх, хянах, цаашид эх ургамлаас жимс хураах, ногоон мөчир болон яст жимсээр үржүүлэг хийж сургах зэрэг тогтвортой үргэлжлүүлэх ач бүхий ажлыг “Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх юм байна. 

 

Арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Энэхүү аян маань хүрээлэн буй орчин, шим тэжээлийн зэрэг олон талын ач холбoгдолтой. Түүнчлэн “Жимс жимсгэнэ", “Өрх бүрийн хашаанд мод тарья” зэрэг үндэсний хөтөлбөртэй уялдаж байгаа” гэдгийг онцолж байлаа. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүрэгт нийслэлийн дөрөвний нэг хүн ам төвлөрөн оршин сууж байна. Энэхүү хотыг ногооруулах, тэр дундаа хүүхэд багачууд руу хандсан үйл ажиллагаа НҮБ-ын Олон улсын жимс, хүнсний ногооны жилийн хүрээнд хийгдэж байгаад баяртай байна. Энэ 1,000 мод төдийгүй цаашлаад өрх бүр идэвх зүтгэлтэй оролцож аянд нэгдээсэй гэж хүсэж байна” хэмээн уриаллаа. 

 

Монголчуудын хувьд жимс жимсгэний хэрэглээ зөвлөсөн хэмжээнээс даруй 5-6 дахин бага, жилдээ 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авч байна. Өрх бүр өөрийн хэрэгцээний жимс, жимсгэнийг тариалах боломж бүрдэх нь маш чухал юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг Олон улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарласан бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэх, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах, хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж буй өрх, аж ахуй нэгжүүдийн туршлагыг танилцуулах олон үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Илүү мэдээллийг Food and Agriculture Organization of the United Nations (FAO) фэйсбүүк хуудсаар дамжуулан авах боломжтой.