Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд олон удаагийн виз олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
parliament.mn

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг/Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн/  хэлэлцэв.

Хуулийн төсөл дэх “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;” гэдэг заалтуудыг гишүүд шүүмжил, санал солилцлоо. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүдийн асуулт, хариултыг товчлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Манайд гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ хэд байна вэ.Энэ хуулиар хөрөнгө оруулагчдад тавих шаардлагыг нэлээн сулруулж байгаа юм байна. 100 мянгаас дээш ам.долларын хөрөнгө оруулагчийг гадаадын хөрөнгө оруулагч гэнэ гэдэг заалт байсны мөнгөн дүнг авсан байна. Ямар шалтгаанаар мөнгөн дүнгийн хэмжээг авсан бэ гэдгийг хууль санаачлагчаас асууя. Мөн хоёроос доошгүй ажлын байр бий болгосон байна гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. Яагаад заавал хоёр ажлын байр гэдэг шаардлага тавьсан бэ. Үүнээс дээш байж болоогүй юм уу.

Бид гадаадын хөрөнгө оруулагч нэрээр цүнх үүрсэн хятад иргэн эсвэл вьетнам авто засварынхан орж ирж байна гэж шүүмжилдэг. Хуулийн өөрчлөлтөөр энэ байдал руугаа эргэж орох юм биш байгаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Манай улс 1990 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн статистик байдаг. Гэхдээ үүний 10-аад тэрбум нь аж ахуйн нэгжийн зээл болчихсон байгаа.

2007 оноос 2012 он хүртэл жил бүр 1,000 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагддаг байсан.

2013 онд 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалттын хэмжээтэй холбоотой заалт хууль оруулснаас хойш 2019 онд 233, 2020 онд 79 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 35 компани бүртгэгдсэн байна. Энэ бол нэг тосгонд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдаж байгаагаас бага тоо. Үүнд хуулийн заалтаас гадна цар тахал нөлөөлж байгаа л даа.

100 ам.долларын босгыг байхгүй болгосноор E-Mongolia апплекшн ашиглан гадаадын иргэн заавал Монголд ирэлгүйгээр компани байгуулах боломжтой болж байгаа юм. Одоогийн зохицуулалтаар Монголд ирж 100 мянган ам.доллараа байршуулаад, ах ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөө автлаа нэг сар хүлээдэг.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг зөвхөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж оруулж ирээгүй байх. Аливаа хууль зах зээлээ хадгалахад анхаарсан байх ёстой. Жишээ нь, махны экспортлогчдын ард урд хөршийн хөрөнгө оруулагч байдаг гэж ярьдаг. Үүнийг хамгаалах ямар зохицуулалт энэ хуульд байгаа вэ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Зах зээл хамгаална гэхээр өмнөх 100 мянган ам.долларын босготой адил зүйл болчих гээд байгаа юм. Зах зээлээ хамгаалах нь чухал уу, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал уу гэдэг асуудал бий болоод байна. Бид ажлын байр гэдэг талыг нь барьж явах нь зөв болов уу гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол асуудал дээрээ мурийх гэж байна шүү Х.Ганхуяг гишүүн ээ. Бидний зах зээл шүү дээ. Ажлын байрыг бид өөрсөндөө олгоно. Энд байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ босгох нь чухал байна. Зах зээлээ бид өөрсдөө эзэмших нь чухал. Энэ талаас нь хараарай.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Азийн хөгжсөн улс орнуудын хувьд эхлээд дотоодын зах зээлээ хамгаалъя гэж байсан. Гэхдээ дотоодын зах зээлээ хамгаалахаас илүү экспортыг дэмжье, бүхий л талаар хөрөнгө оруулалт татъя гэсэн байдаг. Дотоодын зах зээлээ хамгаалах зохицуулалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгах нь оновчгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийн төслийг харахаар гадаадын иргэнд байнга орших суух зөвшөөрөл олгосон хууль болчихоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч болж байна. Байнга оршин суухын тулд 50 мянган ам.доллар төлчихвөл болчихож байна.

Энэ хуулийг 2013 онд Ц.Элбэгдорж оруулж ирж байсныг бид хэлэлцээгүй. Энэ бол ноцтой асуудал. Нэг тэрбум ам.доллар гаргахад 20 мянган хүн оршин суух боломжтой. 20 мянган хүн нэг жилд орж ирээд байхад Монгол Улс юу болов вэ.

Энэ хуулийг дандаа шинэ гишүүд санаачилсан юм байна. Өмнөх гишүүд чинь ухаахгүйдээ 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан байх гэдэг шаардлага тавиагүй байх шүү.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз олгон гэж заасан. Үүнийг Монголд байнга оршин суух визийг гадны ямар ч хамаагүй хүнд олгох юм шиг ойлгож болохгүй. Энэ зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийг дагуу олгоно.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.