Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын их сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ой энэ жил тохиож буй. 

Тус ойн хүрээнд зохион байгуулагдаж буй OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Тус тэнхим өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлаар суурь судалгааг эрхлэн явуулахын зэрэгцээ 1991 оноос хойш үндэсний хэмжээнд 1,000 гаруй социологич, 500 гаруй нийгмийн ажилтан мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэргээр бэлтгэсэн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний томоохон нэгж юм.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаанд 2003-2004 онд Америкийн Социологийн холбооны ерөнхийлөгч, 2010-2014 онд Олон улсын социологийн холбооны ерөнхийлөгч асан, АНУ-ын Бөрклэйн их сургуулийн профессор Майкл Бюровэй, Францын Социологийн холбооны ерөнхийлөгч, социологич хатагтай Муриэл Дармон, мөн АНУ-ын тэргүүлэх социологичдын нэг, Бөрклейн их сургуулийн эмерит профессор, хатагтай Эрли Хокчайлд, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор ноён О.Мөнхбат нар нийгмийн тэгш бус байдал, КОВИД-19 цар тахлын нөлөө, социологийн судалгааны онцлог, харах өнцөг, хөгжлийн сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. 

Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Социологи ба Буддист нийгмийн ажил гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулагдсан юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Социологийн салбар хуралдаанд АНУ, Франц, ОХУ, ХБНГУ, Польш, Япон, Энэтхэг болон үндэсний эрдэмтэд КОВИД-19 цар тахлын нөлөөлөл улс орнуудад хэрхэн тусч байгааг шүүн тунгаасан илтгэл хэлэлцүүлсэн юм.

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим ОХУ, АНУ, Герман, Франц, Хятад, Турк, Белги, Монгол Улсад судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэжил дээшлүүлсэн, хамгаалсан доктор, дэд профессор, профессор буюу нийт 16 багш ажиллаж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.