Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оджаргал: Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгнө гэж ойлголоо

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдаж байгаа билээ. 

Уулзалтын үеэр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг төлөөлөн MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүмүүс олон бий. Ерөнхий сайд түрүүн нэлээд онцолж экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх нааштай мэдээнүүд хэллээ.

Саналын чанартай ганц зүйл хэлье. Зэс, алт бол мэдээж хэрэг чухал. Үүнийг “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга” гэх төслүүд хөтөлж байж экспорт нэмэгдэнэ.

Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын логистикийг нэн даруй шийдэж байж экспорт нь нэмэгдэх боломжтой. 2022 онд Гашуунсухайт, төмөр замын холбох ажлыг нэн даруй шийдэж чадвал 2023, 2024 онд экспортод 3-4 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломж бий.

Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь экспортод маш чухал. Худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг хурдан шийдэж өгвөл сайн.

Том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг. Хувийн хэвшлүүд дээр баталгааны асуудал ярих гэхээр улс төржсөн сэдэв байдаг тул их төвөгтэй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэлэг арга хэрэглэх гэж байгаа бол эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүд дээр Засгийн газар болон Хөгжлийн банкны баталгаа их чухал асуудал байдаг юм шүү.

Төрийн гурван өндөрлөг нэгдэж, нэг цонхоор эдийн засгийг хурдан гүйцэх боломжийг хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Үүнийг хувийн хэвшлийнхний хувьд баяртайгаар хүлээн авч байна" хэмээв.