Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

НОБГ гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут цамхаг болон ус соруулах насос, явуулын байртай боллоо

А.Намуун, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НИТХ

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай зарим техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тодруулбал, гамшгийн аюулыг иргэдэд зарлан мэдээлэх дуут цамхаг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн насос, тусгай зориулалтын авто чиргүүл бүхий хөдөлгөөнт явуулын байр зэрэг нийт 180 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга хүлээлгэн өгсөн юм. 

Зарлан мэдээллийн дуут цамхгийн хувьд иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас амжиж анхааруулах, зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд 1,600 вт хүчин чадалтай. Уг цамхгийг зайнаас унтрааж асаах, цахилгаан тасарсан үед ажиллах тэжээлийн үүсгүүр, нийслэлд суурилсан 60 ширхэг цамхагтай шууд холбон ажиллуулах тохиргоотой. 

Харин ус соруулах насос нь их хэмжээний усыг соруулах, гал унтраах автомашиныг усаар дүүргэх зориулалттай. Цагт 300м/куб усыг 12 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай юм.

Эх сурвалж: НИТХ

Түүнээс гадна цахилгаан үүсгүүр, дуут болон гэрлэн дохио, гадна дотно хяналтын камер, хяналтын дэлгэц суурин станц, био ариун цэврийн суултуур зэрэг шаардлагатай тоноглол бүхий явуулын байрыг дөрвөн улирлын турш ашиглаж болно.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Мөн нийслэлийн хэмжээнд гарсан гамшиг осол гал түймрийн нийт дуудлага, мэдээллийн тоо буурч байгаа нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн бус болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажилласны үр дүн гэж үзэж байна” гэв.


 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ