Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

ikon.mn
2021 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 210 га талбайн “Орон сууцны 7 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бөгөөд байршлын давуу талыг хөгжүүлж, ажил хэргийн болон шинэ технологийн судалгааны төвийн бүс болгохоор төлөвлөж байна.

Мөн одоогийн тулгамдаж буй асуудлыг төлөвлөлтөөр шийдвэрлэх юм. Тус нутаг дэвсгэрт одоогоор 7,817 өрхийн 30 гаруй мянган хүн амьдардаг. Дахин төлөвлөлт хийснээр 2030 он гэхэд 26 мянга орчим өрхийн 91 мянга гаруй хүн суурин амьдрахаар тооцсон байна.

Гэр хорооллын хэсгийг барилгажуулахдаа нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, олон нийтийн талбайг давхар төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан дунд давхрын орон сууцыг барих бол инженерийн дэд бүтцийн хангамж, голын хамгаалалтын бүс зэрэгтэй уялдуулан нам түвшний орон сууцыг зарим хэсэгт барьж байгуулна. 

Энэ нутаг дэвсгэрт өмнө нь хийгдсэн төлөвлөлтийн алдаанаас хэт төвлөрөл, замбараагүй төлөвлөлт үүссэн учир тус талбайн ихэнх хэсгийг дахин төлөвлөнө. Төлөвлөлтийн талбайг бүсчлэлийн хуьд 3.2 га-д хувийн сууц, 50.3 га-д нам давхрын орон сууц, 60 га-д өндөр давхрын орон сууц, 40.7 га-д хотын олон нийтийн ажил хэргийн бүс, 20.8 га-д худалдаа ажил хэргийн дэд бүс, 2.8 га-д цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 23.1 га-д инженерийн барилга байгууламж буюу автозам, 3.7 га-д инженерийн шугам сүлжээ байх бол 6.2 га нь Сэлбэ голын хамгаалалтын бүс байх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид төсөл хэрэгжүүлэгч компани болон НЗДТГ-ын ажил хариуцсан албан тушаалтнуудаас төслийн талаар тодруулга мэдээллийг авлаа. Тухайлбал, төлөөлөгч Д.Батцогт Улаанбаатар хотын хойд хэсэгт байгаа гэр хорооллыг хэзээ төлөвлөж дуусахыг тодруулсан бол төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Төслийн хүрээнд барих орон сууцнуудыг иргэдэд ямар нөхцөлөөр олгохыг тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Ц.Тулга “7 дугаар нэгж хорооллыг хөгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын 36.9 хувь нь нийгмийн болон инженерийн дэд бүтцэд зарцуулагдана. Үлдсэн барилгажуулах ажлыг хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн, зах зээлийн зарчмаар иргэдэд борлуулна” гэдгийг хэлэв. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг төсөл хэрэгжүүлэгч компаниуд хөрөнгийн чадваргүй, төсөл хэрэгжүүлэх чадваргүйгээс шалтгаалан иргэдийг хохироохгүй байхыг санууллаа. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдийг хохироохгүй байхад анхаарч ажиллаж байгааг тодотгоод гэр хорооллыг хөгжүүлэх хүрээнд дэд төвүүдийг нэмж байгуулах талаарх мэдээллийг давхар өглөө.

Одоо баригдаж буй 6 дэд төвөөс гадна “Дарь эх”, “Монел”, “Амгалан” дэд төвийн ТЭЗҮ-г хийхээр бэлдэж байгааг тэрбээр мэдээлсэн юм. Мөн одоо хэрэгжиж байгаагаас “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн дэд бүтцийн ажил эрчимтэй хийгдэж, ирэх жил хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Мөн цаашид гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд илүүтэй анхаарч ажиллана гэсэн юм. 

Төлөөлөгчдийн хувьд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулахдаа тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгийн болон бусад чадавхыг сайтар судлан, иргэдийг хохироохгүй байхыг анхааруулж, ямар шалгуураар сонгон шалгаруулдгийг тодруулж байв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Барилга хот байгуулалтын сайдын баталсан журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчид шаардлага тавьдаг аж. Цаашид уг журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага байгааг онцолсон. 

Төлөөлөгч П.Гантулга төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн ажил хийж байгаа хүмүүсийн зүгээс бус иргэдийн талаас асуудалд хандаж байхыг сануулсан бол, П.Наранбаяр газар эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байхыг онцоллоо.

Дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөхдөө зах зээлийн зарчим болон Засгийн газраас тогтоосон 1 м/кв үнэлгээтэй уялдуулан иргэдтэй зөвшилцдөг байна. Иргэдэд газар дээрээ баригдсан орон сууцанд орох, эсвэл шууд өөр байршлын орон сууцаар солих, бэлэн мөнгөөр арилжих зэрэг хувилбарыг санал болгодог.

Харин газар дээрх үл хөдлөх хөрөнгийн тухайд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр иргэдтэй зөвшилцөж буйг Ерөнхий архитектур Ц.Тулга хэллээ. Ийнхүү хэлэлцсэний дараа хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 96 хувь нь энэхүү тогтоолын төслийг дэмжив. Нийслэлийн ИТХ-ын VIII ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ