Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Кабул дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад нууц материалуудаа устгах тушаал өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад нууц бичиг баримтуудаа устгах тушаал өгснийг өчигдөр хэд хэдэн хэвлэл албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ. 

Мөн талибанчуудын суртал нэвтрүүлэгт ашиглагдахаас сэргийлж, АНУ-ын далбаа, сүлд бүхий бичиг цаас, материалуудыг бас устгах чиглэл өгсөн байна. АНУ-ын цэрэг энэ сард багтаж Афганистанаас гарах төлөвлөгөөтэй байгаа.

Тавдугаар сараас хойш исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөн тус улсын газар нутагт бүрэн хяналтаа тогтоохоор Кабулын засгийн газрын армитай тулалдаж байна. Баасан гарагт талибанчууд Афганистаны гурван хотыг нэмж эзэлжээ. Кабул дахь элчин сайдын яамны ихэнх ажилтнуудыг тус улсаас нүүлгэн гаргах ажиллагаанд оролцохоор АНУ-ын армийн 3,000 цэргийн түрүүч Афганистанд очоод байгаа. 

Хэдийгээр Талибан хөдөлгөөнийхөн Кабулыг бүслэн хааж, тусгаарлах зорилготой байгаа ч Афганистаны нийслэлд одоогоор ямар нэг шууд аюул тулгараагүй байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгджээ. Тэр бас талибанчууд Афганийн олон хотыг дараалан эзлэн авсанд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Олон жил бэлдэж, зэвсэглэсэн Афганистаны армийн тулалдах чадвар сул, ялах хүсэл эрмэлзэлгүй байгаад АНУ-ын эрх баригчид гайхаж бас бухимдаж байгаа. Афганистаны засгийн газрын цэргүүд ихэвчлэн тулалдалгүйгээр талибанчуудад бууж өгч, зэр зэвсэг, машин техникээ олзлуулж байгаа нь Вашингтоны удирдагчдын санааг зовоож байна. 
 

Эх сурвалж: Bloomberg