Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анударь: Би Монголынхоо нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Анхны олимп учраас эхний төрөлд яах аргагүй туршлага дутчихлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МҮОХ

Токио-2020 зуны олимпын наадмын Буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шатанд Монголыг төлөөлж амжилттай оролцсон Ц.Анударь сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр дэлхийн шилдгүүдтэй ширүүн өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан бөгөөд нийт 576 оноо авсан юм.

Энэ жил 22 настай түүний хувьд анхныхаа олимпод оролцож байгаа нь энэ юм.

Ц.Анударь "Токио-2020 зуны олимпын наадамд оролцож буй тамирчид маш сайн буудлаа.

Миний хувь нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контролоор дутуу байсан. Харамсалтай нь сүүлийн 2, 3 сумыг л алдчихлаа.

Багшгүй явж байсан учраас өөрийгөө хэдэд явж байсныг ч харсангүй. Гараад ирсэн чинь есдүгээр байраар таслуулчихсан байв.

Онооны самбар хараад сайн ажиллаарай гэдгийг минь хэлэх багштай явсан бол зүгээр байлаа гэж бодож байна.

Миний хувьд энэ тэмцээнд өөрийн шүтэж, биширдэг дэлхийн болон олимпын аваргуудтай өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Би Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсэж байна. Энэ удаагийн олимп яах аргагүй анхных байсан болохоор тэмцээний эхний төрөлд бага зэрэг туршлага дутчихлаа.

Гэхдээ Э.Даваахүү ах бид хоёр өөрсдийн дундаж оноогоо оноход финалд шалгарах магадлал бий" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Olympic.mn/videos/585385789509230