Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анударь шигшээ наймд шалгарахад ганц оноо дутлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг МҮОХ-ны фэйсбүүк хуудсаас авав.

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв.

Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ширүүн өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

Долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30 дугаар байрт жагслаа. Түүний хувьд 30-ны Баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.