Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал зэргээс шалтгаалан халдвар буураагүй гэж дүгнэж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж, Шадар сайдын мэдээллийг сонсон, гишүүд асуултдаа хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан халдварын тархалт буураагүй болон хүүхдийн мөнгө зэрэг халамжуудыг зогсоох эсэх талаар тодруулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн болон иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн, хүүхдийн халамжууд гээд олон асуудал цааш үргэлжилнэ. Үүнийг зогсоох, цаашид өгөхгүй байх талаар Засгийн газар болон аль ч түвшинд албан ёсоор яригдаагүй.

Эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа ч Засгийн газар энэ цаг үед орлого ашиг нь буурсан ААН, амьжиргаа дордсон иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлнэ гэж байгаа. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гүйцэтгэл нь боломжийн хэмжээнд буй. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд Сангийн яаманд хийгдэж байна" гэв.

Халдвар буураагүй нь мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа

Халдварын тархалт буураагүй талаар "Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж байсан юм. Харамсалтай нь халдвар буурсангүй.

Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Мөн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа" хэмээн хариуллаа.