Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баянжаргал: Ботоксыг хийлгэснээр 4-6 сар үрчлээнд санаа зовох хэрэггүй

Э.Орхонсүрэн
2013 оны 12 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг
АӨСҮТ-ийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Г.Баянжаргал

Шинэ жил айсуй. Тиймээс бид энэ удаагийн дугаарын зочныхоо яриаг АӨСҮТ-ийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгаас бэлтгэлээ.

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн сонирхолыг ихээхэн татах болсон мэсгүй мэс засал буюу арьс чангалах тариа ботоксын талаар тус тасгийн эрхлэгч Г.Баянжаргалтай ярилцлаа.

-Эмчилгээний гоо сайхны талаар ярих гэж байгаа учраас нэн түрүүнд хүний арьс хэдэн наснаас эхэлж хөгширдөг, мөн нүүрний үрчлээнд гол нөлөөлдөг хүчин зүйлийн талаар ярилцъя?

-Нас ахих тусам тэр дундаа 25, 30-аас дээш насныханд биологийн хөгшрөлт явагдаж эхэлдэг.

Ер нь хүнд гадаад болон дотоод хөгшрөлт явагддаг. Биологийн хөгшрөлт нь хүний ген болон хэдэн насанд хүн ямар байх вэ гэдгээсээ шалтгаална.

Харин гадаад шалтгаант хөгшрөлт нь биологийн хөгшрөлтийг хурдасгаж байдаг. Агаарын бохирдол, цаг агаарын эрс тэс уур амьсгал, нарны туяа зэрэг нь гадаад шалтгаант хөгшрөлтөд нөлөөлнө. Нарны туяа гэхэд бид зөвхөн үзэгдэх гэрлийг л ярьдаг.

Гэтэл нарнаас хүний арьсанд хортой нөлөөтэй хэт ягаан туяа, гамма туяа , радио туяа зэрэг олон туяа гарч байдаг. Хэт ягаан туяа нь дотроо гурван янз.UVA, UVB, UVC гээд. Зуны цагт наранд удаан байснаас бидний арьс улайж цэврүүтдэг.

Ялангуяа, 11:00-16:00 цагт нарнаас ирж байгаа хортой туяа хамгийн их байдаг. Бидний өвөө, эмээ “Хүүхдийг өдрийн хортой туяанд битгий гаргаж бай” гэж ярьдаг. Энэ нь UVB туяанд өртөгдөж байгаа хэрэг. Түүнээс гадна арьсанд илүү гүн нэвтэрч арьсны хөгшрөлтийг түргэсгэж байдаг UVA туяаг хүмүүс тэр бүр анзаардаггүй.  Энэ туяа нь бүрхэг өдөр хүртэл үүлийг нэвтэлж тодорхой хувь нь орж ирдэг.

Өөрөөр хэлбэл дэлхий дээр тусч байгаа нарны хэт ягаан туяаны 96.5 орчим хувь нь UVA туяа байдаг. Энэ туяа арьсыг шууд түлэхгүй боловч арьсны гүнд нэвтрэн орж эластин коллегиныг задалж байдаг. Үүнээс улбаалж арьс сулрах, үрчлээ, нарны гаралтай бор толбо зэргийг үүсгэдэг. Тиймээс нарнаас байнга арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Манайхан зуны цагт л арьсаа нарнаас хамгаалах ёстой юм шиг ойлгодог.

Гэтэл жилийн дөрвөн улиралд арьсаа хамгаалах хэрэгтэй. Цасан дээр ойсон нарны туяа тэр ч бүү хэл бетон болон гөлгөр гадаргуу дээр туссан нарны гэрэл хүний арьсанд нөлөөлдөг. Тэгэхээр бид нарнаас ангид байж чадахгүй учраас арьсаа зөв арчилж хөгшрөлтийг бууруулах арга хэрэглэх хэрэгтэй.

Залуу насаа удаан хадгалах олон арга гарч ирсэний нэг нь үрчлээ арилгах тариа буюу ботокс юм.

-Ботоксыг зөвхөн нүүрэнд хийлгэх ёстой юу эсвэл хүзүү гар зэрэг арьс үрчийдэг хэсэгтээ хийлгэж болох уу? 

-Ботоксыг Clostridumbotulinum нянгаас гаргаж авсан хор гэж ойлгож болно. Нэрний хувьд хор гэхээр хүмүүст аймаар сонсогдож магад. Гэтэл энэ бол гоо сайхны зориулалтаар маш бага тунгаар хийдэг учраас хоргүй. Ботоксыг хамгийн анх нүд болон мэдрэлийн практикт хэрэглэж эхэлсэн.

Ер нь анагаах ухааны практикд 40 гаруй жил хэрэглэж байгаа арга. Нас ахих тусам хүний арьсны доорх эластин коллегин суларч байдгаас гадна нүүрний булчингуудад агшилт өгч эхэлдэг. Нүүрний хөдөлгөөнөөр булчин агшиж түүнийг дагасан үрчлээ, зураас үүсч эхэлдэг. Гэтэл энэ нь явсаар гүн үрчлээ болдог.

Тэгэхээр гүн үрчлээ суухаас өмнө нүүрний хөдөлгөөнөөр илэрч байгаа үрчлээний үед ботоксыг хийлгэх тохиромжтой.

Дух, нүд, амны цагираг булчин болон нүүрний булчингууд буюу үрчлээ үүсэх гээд байгаа хэсэгт тодорхой тунгаар ботоксыг тарьснаар булчингийн агшилт явах үйл явцыг саатуулна.

Ингэснээр булчингийн агшилтыг дагаж хунирдаг арьсанд үрчлээ үүсэхгүй гэсэн үг.

-Хэдэн насныхан хийлгэх ёстой вэ. Нас заадаг уу?

-18-65  насны эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хийлгэж болно. Гоо сайхны үйлчилгээ учраас өөрийгөө гоё сайхан байлгая гэсэн хэн ч хийлгэж болно.

-Тэгвэл ботоксыг хийлгэж болохгүй, хориглох заалт гэж бий юу. Хийлгэсний дараа юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Залуужуулах мэсийн бус олон арга бий. Тухайлбал, залуужуулах тарилга, дүүргэгч бодис, лазер эмчилгээ, химийн бодисоор арьсны гадаргыг хуулах, гуужуулах зэрэг арга бий. Ямар ч арга байсан гаж нөлөө болон хүндрэл гардаг эрсдэлтэй. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой учраас тодорхой хэмжээний гаж нөлөө гарч болохыг үгүйсгэхгүй.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хийлгэж болохгүй. Ботоксоос болоод урагт гажиг үүсдэг эсэх нь тогтоогдоогүй.

Гэхдээ эрсдэлтэй байж магадгүй гэдэг үүднээсээ хийлгэхийг зөвшөөрдөггүй. Тариа хийлгэсний дараа спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь тарианы үйлчилгээг хурдан задалдаг. Мөн байнгын эм тариа хийлгэдэг тэр дундаа аминогликозидийн бүлгийн антибиотик хэрэглэдэг хүмүүсийг болгоомжтой хэрэглэх  ёстой гэсэн заавар бий.

Түүнчлэн цус шингэлэх аспирин С, аспирин 100, Е витамин, загасны тос зэргийг байнга хэрэглэдэг хүмүүс ботокс хийлгэх нь судас хагарах эрсдэлтэй. Харин ботоксыг хийлгэсний дараа долоо хоногтоо массаж болон саунд орж болохгүй. Мөн ботокс хийлгэсэн оройдоо аль болох өндөр дэртэй унтах ёстой байдаг.

-Нэг удаа тариулсан ботокс ямар хугацаанд үйлчлэх вэ?

-Булчингийн сулрах явдлыг зогсоодог учраас тариа тодорхой хугацаанд үргэлжилдэг. Дунджаар 4-6 сар гэж үздэг. Тариа хийлгэсний  дараа 24-72 цагт үйлчилж эхэлнэ. Долоо хоногийн дараанаас тариа бүрэн үйлчилж 1-3 сард оргил үедээ байдаг. Ингээд гурван сарын дараагаас тарианы үйлчилгээ бага багаар суларч 4-7 сарын дараа гэхэд үйлчилгээ нь бүрэн дуусна.

-Ботокс тариулсан хүн 6-7 сарын дараа дахин тариулж болох уу. Нэг тариа хийлгэчихээр дахин дахин тариа хийлгэх шаардлагатай болдог гэж хүүхнүүд ярьдаг . Энэ үнэн үү?

-Угаасаа дахин хийлгэх ёстой. Гэтэл манайхан нэг хийлгэчихээд орхичихдог. Тэгээд ботокс тариулсны дараа улам илүү хөгширдөг гэж ярьдаг. Огт тийм зүйл байхгүй. Арьсыг сунгаад эргээгээд тавьж байгаа биш учраас тийм зүйл байхгүй.

Зөвхөн үрчлээ үүсч байсан хэсгийг нь зогсоочихоор хэдэн сар сайхан байсан арьсандаа дасчихдаг. Тэгэхээр хүний арьсанд ямар нэг байдлаар тариандаа дасал үүсч, эсвэл донтож байгаа хэлбэр гэж ойлгож болохгүй.

-Нэг хүн 5-6 удаа хийлгэх ёстой ч гэдэг юм уу тийм хязгаар бий юу. Эсвэл хэдэн ч удаа хийлгэж болох юм уу?

-Тухайн хүн тэдэн удаа хийлгэх ёстой гэсэн хязгаар гэж байхгүй. Хүссэн үедээ л хийлгэж болно. Ер нь ботоксыг тогтмол хийлгэснээр дасал зуршил болсон булчингийн агшилт суларч тариа хийлгэх хугацаа нь улам уртасдаг гэж үздэг.

-Шинэ жил дөхөж байгаа учраас хүүхнүүд ботоксыг нэлээд сонирхож байгаа байх. Танайд байгаа ботоксыг эмэгтэйчүүд тариулахыг хүсвэл хэдэн төгрөгийн ханштай байна вэ?

-Манай төв Солонгос улсаад оруулж ирсэн ботокс хэрэглэдэг. Үнийн хувьд бусад салоноос харьцангуй хямд. Нэг хүн дунжаар 150-200 орчим мянган төгрөг төлөөд зургаан сар гоё сайхан арьстай байна гэсэн үг.

-Нүүрэнд утас гүйлгэх асуудал бас нэлээд яригдаж байгаа. Энэ хоёрын хооронд үр дүн болоод үйлчилгээний хувьд ялгаа бий юу?

-Аль аль нь арьс залуужуулах арга. Утас гүйлгэнэ гэдэг нь хүний арьсны суларсан хэсэгт уян утсыг булчингийнх нь шугамын дагуу сетк маягаар оёхыг хэлнэ. Энэ нь унжсан арьсыг татаж байгаа нэг хэлбэр юм. Утсыг ихэвчлэн хацар, шанааны унжсан арьсыг өргөх зорилгоор хийдэг.

Харин ботоксын хувьд дух, хөмсөг хоорондын босоо үрчлээ, нүдний гадна талын цагирган үрчлээнд гол төлөв хийлгэдэг. Ер нь нүүрний дунд, доод хэсэг, хүзүүнд хүртэл хийдэг. Мөн өндөр шанаатай дөрвөлжин нүүртэй хүмүүс булчингийн гажигаа ботоксоор засч болно.  

-Тэгвэл ботокс хийлгэсний дараа нүүрээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Өмнө нь цэвэрлэдэг шигээ цэвэрлэхэд болно. Манай бүсгүйчүүд арьс арчилгаа гэдгийг сайн ойлгодоггүй. Уг нь гоёлын будалт арьс арчилгаа гэдэг хоёр өөр ойлголт. Би гоё сайхан арьстай учраас будах хэрэггүй.

Эсвэл намайг гоё арьстай болгоод өг. Тэгвэл би нүүрээ будах шаардлагаггүй гэж ярьдаг. Гэтэл ямар ч хүн арьсаа байнга арчилж байх ёстой. Энгийнээр хэлэхэд хүн гутлаа тослохгүй яваад л байхаар ямар болдог билээ. Тэгвэл нүүрээ арчлахгүй нар, салхинаас хамгаалахгүй бол гутал дээр тоос шороо тогтдог шиг нүүр ч гэсэн яг тийм болдог.

 Ялангуяа, агаарын бохирдолтой, тоос тоосонцор, хүнд металлтай орчинд бид амьдарч байна. Мөн манай орны хатуу ширүүн, хуурай, уур амьсгал арьсны өнгөц давхаргыг хуурайшуулдаг. Тиймээс арьсаа байнга арчилж байх хэрэгтэй.

Ядаж л гараа савандаж угаадаг шигээ нүүрний зориулалтын савангаар бохирдлоо угааж байх нь чухал.

Зураг