Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний урлагийн их театрыг Сүхбаатарын одонгоор шагнав

ikon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Үндэсний урлагийн их театрыг/Драмын театр/ Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын үндэсний язгуур урлаг, өв соёлыг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, үндэстний соёлын дархлааг хадгалах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

 
 
 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол үндэсний дуу, хөгжим, бүжгийн урлагийг 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл орчин цагийнхаа аясаар хөгжүүлэн дэлгэрүүлж, ардын өв соёлыг уламжлан баяжуулж ирсэн хуучнаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу өнөөгийн Үндэсний урлагийн их театрын хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Баяр хүргэе!

Үндэсний дуу бүжгийн чуулгын түүх нь угтаа их Юань улс, Хубилай сэцэн хааны үеэс эхтэй юм. “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч” зэрэг хөлгөн судрууд болон тухайн үеийн аялагчид Марко Поло, Плано Карпини нарын тэмдэглэл зэрэг баримтуудад Хубилай хааны ордонд 600 гаруй хөгжимчинтэй их, бага, цөөхүүл, найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн байсныг маш тодорхой дурдсан нь бий.

Энэ уламжлалыг тээж, Монголын соёл, урлагийг Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс орнуудад сурталчилж, төрийн ёслол, баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, ёслол хүндэтгэлийг илэрхийлж, ард олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн энэ хамт олны хөдөлмөр, бүтээлийг төр өнөөдөр үнэлж байна, үнэлэх ч ёстой юм.

Та бүхэнд баяр хүргэж, уран бүтээлийн арвин амжилтыг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл ашид бадартугай” гэв.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба