Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мандхай: Юу хүсэж байгаагаа, хаа хүрэхээ мэдсэн хүнд амбиц зохидог

ikon.mn
2021 оны 6 сарын 7
Сурталчилгаа

-Би энгийн байхыг хүсдэггүй энгийн л хүн-

Арван найман насандаа анхны бизнесээ эхлүүлж байсан Ц.Мандхай бүсгүй өнөөдөр үл хөдлөхийн салбарт гялалзаж явна. Түүнтэй хэний ч сэтгээгүй бизнесийн санааг хэрхэн олж, санаагаа амжилтад хүргэх хэтийн зоригийг хаанаас өөртөө суулгах гээд бизнес эрхлэхээр төлөвлөж, хаанаас эхлэхээ мэдэхгүй эргэлзэж суугаа залуучуудад хэрэгтэй сэдвээр хуучлахыг зорилоо. Тэрбээр өдгөө RE/MAX EAGLE оффисыг удирдаж, франчайз бизнест амжилтаа ахиулж яваа. “Би амбицтай” хэмээн ярих зориг шулуун энэ бүсгүйд дэлхийн зах зээл ойрхон байна.


-Монголд залуу, бүсгүй хүн бизнес эрхлэхэд хэр таатай байна вэ. Эндээс яриагаа эхэлье.

-Монголд нэг давуу тал бий. Ямар ч шинэ бизнесийн санааг хүмүүс, хэрэглэгчид хүлээж авах хурд нь өндөр байдаг. Энэ бол маш том давуу тал. Жишээ нь, үнэхээр чанартай органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэхэд хүмүүс маш дуртай хүлээгээд авчихдаг. Гэтэл АНУ ч юм уу, хөгжингүй орнуудад цоо шинэ бизнес санаа гаргана гэдэг хэцүү. Маш олон өрсөлдөгчид хүмүүсийн хэрэгцээг дүүртэл хангаад өгчихсөн байхад үүний дараагийн хэрэгцээг бид яаж гаргаж өгөх вэ гэдэг хэцүү асуудал. Энэ утгаараа Монголд бизнес эрхлэх давуу тал байна. Гэхдээ нөгөө талд хүн ам цөөн, зах зээлийн багтаамж бага. Гэхдээ бизнесийн яг зөв санаагаа барьж авч чадвал боломж байна, бүх юм нээлттэй. Ер нь старт-ап бизнесийг хөгжсөн улсаас илүү хөгжиж буй улсад эхлүүлэхэд илүү амар.

 

-Таны бизнесийн гараа хаанаас эхлэв?

-Би 18 настайгаасаа анх бизнес эхлүүлж байсан юм. Хамгийн анхны бизнес маань органик хүнсний дэлгүүр. Цэвэрлэгээ, үйлчилгээнээс эхлээд өрөгч, кассчин гээд бүх ажлаа өөрөө хийж бизнеийн анхны гараагаа эхлүүлж байлаа. Өглөө 08.00 цагт ирээд шөнө 00:00-01:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ дэлгүүр маань бүтэлгүйтсэн. Гэвч би тухайн үеэс л бизнест чин сэтгэлээсээ дурласан. Хэдийгээр хэцүү, төвөгтэй, алдагдалтай ажиллаж байсан ч хүн өөрийн гараар бизнес эхлүүлэх ямар сайхан юм бэ гэдгийг тухайн үед мэдэрсэн. Бизнест эргэж буцалтгүй үе минь юм даа. Ер нь өөрийнхөө зан чанарын онцлогийг хараад байхад бизнесийг эхнээс нь босгох их сонирхолтой хүн шиг байгаа юм. Бизнес тѳлѳвлѳгѳѳнѳѳс авахуулаад л бүгд дээр нь ѳѳрѳѳ сууж, нухаж ажиллах дуртай.

-Тэгээс эхлээд амжилтад хүргэсэн бизнес танд бий юу?

-Би олон төрлийн бизнест орж үзсэн. Алдсан нь, амжилттай явж байгаа нь ч бий. Үйлчилгээний салбар, жижиг бутик дэлгүүр ажиллуулж БНХАУ, Герман, АНУ-аас хувцас оруулж ирлээ. Мөн Итали ресторан нээж хоол үйлдвэрлэлийн салбарт орж үзсэн. Энэ дундаас миний хувьд “далан тав”-аар бууж өгсөн нь рестораны бизнес. Би хувьдаа гадаадад аялахдаа олон улсын хоолны соёлыг сонирхох, судлах дуртай. Тухайн орны онцлог шингэсэн рестораныг эсвэл Michelin одтой рестораныг судалж заавал үйлчлүүлэхийг хичээдэг ч өөрөө бол сайн тогооч биш. Тийм болоод ч тэр үү рестораны бизнес надад тухайн үед их л хэцүү санагдаад, хоёр жил ажиллаад энэ салбараас гарсан. Судалгаагаа дутуу хийсэн маань маш том алдаа гэж боддог. Ингээд 2011 онд “Мандухай” гээд хувийн цэцэрлэг байгууллаа. Ковидын нөхцөлөөс шалтгаалаад одоогоор үйл ажиллагаа зогсонги байгаа ч 10 жил маш амжилттайгаар үйл ажиллагаа явуулж, жилд 75-100 хүүхэд төгсгөдөг. Дээр бүтэлгүйтсэн бизнесээ дурдсан бол харин миний амжилттай бизнес гэвэл үүнийг нэрлэмээр байна. Мѳн олон улын боловсролын Франчайз бас эзэмшдэг. Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хөл тавиад,  RE/MAX EAGLE оффисоо нээгээд нэг жил болж байгаа. Энэ салбар харьцангуй шинэлэг боловч маш хурдацтай хөгжиж байгаа гэж хувьдаа боддог. Би АНУ-д суралцах хугацаандаа Монголдоо нутагшуулж, хэрэгжүүлж болох ямар бизнесүүд байна вэ, аль салбарт бизнесээ хэрхэн өргөжүүлж болох вэ гэдгийг бодож, судалж байлаа. Тэнд байх хугацаандаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын газарт дагалдангаар ажиллаж үзсэн. АНУ-д Калифорниа мужид үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болоход маш өндөр шалгууртай. Тухайлбал жилийн хугацаанд улсын хэмжээний гурван том шалгалт өгдөг, гурван сарын хугацаатай 3 удаагийн курст хамрагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл Монголд эмч, хуульч болоход хэчнээн өндөр шалгууртай билээ, түүнтэй адил гэсэн үг. Хөгжсөн орнуудыг хараад байхад үл хөдлөх хөрөнгө зуучлал маш чухал салбар байдаг. Өндөр хэмжээний хөрөнгө эргэлдэж байдаг салбар гэдэг утгаараа зуучлал хийж байгаа хүмүүс хууль, санхүү, хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳж гээд маш олон төрлийн өргөн мэдлэгтэй байх ёстой юм билээ. Бизнесийн этик, ёс зүй маш ѳндѳр. Монгол Улсын хувьд ч гэсэн зуучлалын компаниуд тусгай зөвшөөрөлтэй, цензуртай болж эхэлж байгаад олзуурхаж байгаа.

-Таны ярианд АНУ-ын талаар цөөнгүй дурдагдлаа. Та тэнд боловсрол эзэмшсэн үү. Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

-Би “Орчлон” сургуульд ерөнхий боловсрол эзэмшээд БНХАУ-д BLCU (Beijing Language and Culture University) Бээжингийн хэл соёлын их сургуульд хоёр жил суралцаад ирсэн. Миний эзэмшсэн мэргэжил банк, санхүү. Гэхдээ мэргэжлээрээ голчон ажиллаагүй. Учир нь удирдлагын менежмент хэлбэрээр мэргэшихийг зорьж байна. Дэлхийн топ  100 сургуульд багтдаг АНУ-ын University of California /UCLA/-д олон улсын бизнес эрхлэгчдэд зориулсан /International Business Studies with Entrepreneurship/ нэг жил гаруйн хугацаанд суралцаж төгссөн. Мѳн энэ сургуульдаа Мэргэжлийн жүжигчнээр 1 жил суралцаад тѳгссѳн. California муж буюу Hollywood-д амьдарч байж энтертайнмент чиглэлээр заавал оролдож үзэх ёстой санагдсан. Энэ мэргэжлээрээ дагнаагүй ч амьдралд болон бизнест хэрэгтэй маш олон тѳрлийн хувь хүний онцлог чадамжуудыг ѳѳртѳѳ суулгасан гэж боддог. Монголдоо ирээд хоёр жил болж байна.  Энэ хугацаанд ажиллахын хажуугаар үргэлж суралцаж байлаа, одоо ч сурсаар Эдийн засгийн их сургуулийн Удирдах ажилтнуудад зориулсан магистрын хөтөлбөрийг дүүргэхэээр төгсөлтийн ажлаа бичиж байгаа. АНУд суралцаж ажиллаж байсан гэдэг утгаараа, бас тэндээс нүд нээгдэж байсан болохоор Цаашдаа Монголдоо бизнесээ ѳргѳжүүлээд дараагийн шатанд АНУд бизнес эрхлэх алсын хараа байгаа.

 

-Залуучууд старт-ап бизнест өөрийгөө сорих хүсэл, сонирхол дүүрэн болсон. Хаанаас, хэрхэн эхэлбэл зөв бэ?

-Бизнес эхлүүлэхэд хамгийн чухал зүйл бол зах зээлийн судалгааг маш сайн хийх нь зөв юм билээ. Хараад байхад манайханд тэнд нэг хүн барилга бариад баяжчихлаа. Үүнийг нь би хуулаад хийчихье гэх ойлголт, хандлага ажиглагддаг. Үүний оронд зах зээлээ сайн судлаад өөрсдийн нөөц бололцоогоо бодолцох ёстой. АНУ-д суралцаж байхад бизнес төлөвлөгөө, шинэ бизнес санаа гээд нарийвчилсан хичээлүүд ордог байсан. Багш нар маань ч гэсэн старт-ап хөгжүүлчихсэн, хөрөнгө оруулалт хийдэг амжилттай яваа хүмүүс байлаа. Тухайн үед багш нар “Чи хэрэглэгчдийнхээ яг ямар асуудлыг шийдвэрлэх гэж байгаа вэ” гэдэг нэг л зүйлийг асуудаг байсан. Хэрэв бизнес эрхлэх гэж байгаа бол үүнийг маш сайн бодолцох хэрэгтэй юм билээ. Хүний хэрэгцээг мэдсэн байх хэрэгтэй. Түүнээс хүний хэрэгцээнд байхгүй бизнесийг бид хэчнээн санал болгоод худалдан авагч байхгүй л гэсэн үг. АНУ-д байхдаа би маш олон хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцож байлаа. Үүнд старт-Ап компаниуд таван минутад танилцуулгаа хүргэж оролцоно, түүнээс илүү хугацаа өгдөггүй. Энэ таван минутын хугацаанд компаниуд энэ бизнесээр ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм, үүнд тохирсон шийдэл нь юу вэ, үүгээрээ дамжуулаад чи хөрөнгө оруулагчдад ямар үнэ цэнийг санал болгож байгаа вэ гэдэг ийм л гурван чухал зүйлийг ярьдаг. Тэгэхээр старт-ап хийхийг үнэхээр хүсч байгаа бол эхлүүлэх хэрэгтэй.  Гэхдээ амар биш. Санаа нь байгаад, хөрөнгө оруулалт дээр гацчихдаг. Хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол тэд хоёр үнэ цэнийг чухалчилж хардаг. Нэгдүгээрт мэдээж хөрөнгѳ оруулалтын өгөөж. Хөрөнгийг нь хэр хэмжээнд өсгөж чадах вэ, эргээд эрсдэлээ хааж чадах уу гэдгийг тооцоолсон байх ёстой. Хоёрдугаарт, нийгмийн статусийн хувьд үнэ цэнтэй байх ёстой. Тухайн хүн таны бизнест хөрөнгө оруулалт хийлээ гээд нийгэмд ямар ач тустай вэ. Үүний цаана тухайн хүний нэр хүнд, статусийг хэрхэн дээшлүүлж байна вэ. Энэ хоёр зүйлийг хамгийн их хардаг юм билээ. Старп-ап эхлүүлэх гэж байгаа залуучууддаа зөвлөхөд бизнесийн санаа хүн болгонд байдаг. Бусдаас үнэхээр онцгой санаа тун цөөхөн. Бизнесийн бүх төрлийн санааг хүмүүс гаргаж ирж байна. Бизнесийн санаа гэдэг дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд Бизнес санааг цоо шинээр гаргаж болно. Аль эсвэл инновац хэлбэрээр одоо зах зээлд хэрэгжиж байгаа санааг сул талыг олж, илүү сайжруулалт хийх хэлбэрээр гаргаж болдог. Гэхдээ тэр санааг хэрэгжүүлж чадсан хүн нь амжилтад хүрдэг. Амжилтад хүрэхийн хамгийн чухал зүйл нь тууштай байдал. Мөн энэ бизнес 10 жилийн дараа ч юмуу ирээдүйд  хаа хүрэх вэ гэдэг алсын хараагаа маш сайн тодорхойлчихсон байх ёстой.

 

-Та хаа хүрэхийг зорьж явна вэ?

-Би дэлхийн хэмжээний бизнес эрхлэгч болохыг мөрөөдөж хүсдэг. Ер нь би их амбицтай хүн. Энэ үг манайд сөргөөр орчуулагдаад хэрэглээнд хэвшчихсэн. Гэтэл амбиц гэдэг маш эерэг үг. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэж байгаа, өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлоод, алсын хараагаа олчихсон хүн амбицтай байдаг. Би надаас зѳвлѳгѳѳ авч Менторлуулдаг залуучууд, бизнес эрхлэгчиддээ ч гэсэн амбицтай бай гэж зѳвлѳдѳг.

-Залуу захирал хүний хувьд имиж, зарчмаа хэрхэн бүрдүүлж байна?

-Социализмаас гараад 30хан жил болж байгаа нийгэмд залуу эмэгтэй удирдлага хийхэд хамгийн хэцүү зүйл нь заавал би үүнийг чаддаг гэдгээ батлах шаардлага гараад байдаг нь тѳвѳгтэй санагддаг. Бусдаас 2 дахин илүү ажиллаж байж хүлээн зѳвшѳѳрѳгдѳѳд байна шүү дээ. Уг нь бол хийж бүтээж байгаа бүхэн маань миний ѳмнѳѳс ярьж байхад хангалттай байх ёстой. Удирдлагын хувьд алсын хараатай гэж ѳѳрийгѳѳ бага зэрэг тоодог. Бас маш шударга байхыг хичээдэг. Зарчимч байдал удирдлагын ажилтнуудын хувьд хамгийн чухал. Бас намайг гээд зориод ирсэн ажилтнуудынхаа алсын харааг илүү тод бас томоор харах боломжийг нээж өгөх, нөөц бололцоогоо өөрсдөө олж харах, нээхэд нь туслах ментор хэлбэрээр ажиллаж байна.

-Та амжилтад хүрсэн хүн мөн үү?

-Амжилт гэдэг хүн бүрт харилцан адилгүй ойлголт л доо. Нэг хэв шинжтэй биш. Миний хувьд амжилт гэдгийг хүн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж л байгаа бол би түүнийг амжилт гэж хардаг. Залуу эмэгтэй бас багаасаа олон төрлийн бизнес эрхэлж мѳн нийгэмдээ чиглэсэн алсын хараатай чамгүй ажлууд хийж, олон хүнд Үл хѳдлѳх хѳрѳнгийн салбарт, бизнесийн салбарт  амжилтанд хүрэх боломжийг нээж ѳгч, багагүй тооны ажлын байраар хангаж, нийгэмдээ эерэг хандлага түгээж явааг  минь эргэн тойрныхон маань их үнэлдэг. Тэр утгаараа бол Тийм гэж хэлье. Гэхдээ нѳгѳѳ талаараа ѳѳрийн сэтгэл ханамжаа бодолцож хариулбал Үүй. Маш олон зүйл ахиад хийхийг хүсч байна. Олон гоё бизнес санаануудаа эхнээс нь амьдруулмаар байна, нийгэмдээ үлгэр дуурайлал болсон сайхан зүйлс хиймээр байна, олон олон бизнесүүдэд хѳрѳнгѳ оруулалт хийж амжилтанд хүргэмээр байна, Дэлхийн хэмжээний Монгол бизнес эмэгтэй болмоор байна. Ѳнѳѳдрийг хүртэл хийж бүтээсэн бүхэн минь миний хийхийг хүссэн, зорьсон зүйлсийн 10% нь л байх. Бизнес эрхлэгч гэсэн ажилдаа их хайртай учраас тэтгэврийн насанд хүрсэн ч ажилласаар л байна байх даа. Тэр үед минь амжилттай байсан үгүйг би биш хүмүүс дүгнэх байх аа.

-Таны дотор ямар хүн байгаа бол?

-Бизнес эрхэлж, өөрөө удирдаж яваа бол хүчирхэг байх ёстой болдог. Би хүчирхэг бас хатуу байхыг хичээдэг ч хүнийхээ хувьд тун зөөлөн. Би энгийн байхыг хүсдэггүй энгийн л хүн. Энгийн биш байхыг хүсч байгаа,  түүнийхээ төлөө тэмүүлж байгаа, хэн нэгэнд, бусдад таалагдах гэж биш зөвхөн өөрийнхөө төлөө амбицтай амьдрахыг хүсч байгаа тийм л нэг эмэгтэй миний дотор байна. Би бизнесийг хөгжүүлэх дуртай хүн. Стрессдэж, шантарч, ядармаар үе зөндөө байдаг. Гэхдээ алсын хараагаа тодорхойлчихсон, бизнестээ дурлачихсан болохоор ажлаа өөртөө зориулж хийдэг.

 

-Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Бурхнаас надад заяасан энэ амьдралынхаа цаг мѳч бүрийг л ямар нэгэн байдлаар үр дүнтэй ѳнгѳрүүлэхийг, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ үр ѳгѳѳжтэй байлгахыг хичээдэг. Тиймээс боломж гарвал нэг шинэ Подкаст сонсож, эсвэл Ted Talks үзэж, Netflix дээр хүртэл кино сонгож үзэхдээ аль болох баримтат, бодит кинонууд үзэж мѳн салбартаа амжилттай яваа хүмүүстэй уулзаж, санаа бодлоо солилцож, тал бүрийн мэдлэгтэй байхыг хүсдэг дээ. Би багадаа их ном уншдаг хүүхэд байсан. Тухайн үед амралтын ѳдрүүдээр салбар салбарын мэргэжилтнүүдийг гэртээ урьж, дайлж цайлан, тухайн ѳдѳр тэр сэдвийнхээ тухай санаагаа уралдуулж, мэдлэгээ тэлж ѳнгѳрүүлдэг Английн язгууртны тухай уншиж байсан юм. Надад маш сайхан санагдаж байсан. Бараг зарим их дээд сургуульд ч ѳгѳхгүй мэдлэгүүдийг тэндээс олж авах боломжтой байх даа гэж бодож байсан. Амьдралын хэв маягтаа үүнийг бүр системчилж, уламжлал болгон оруулахыг хүсч байгаа.  Би ер нь мэдлэгээр байнга ѳлсѳж явдаг хүн юм шиг байгаа юм. (Инээв)

-Ажил, амьдралын балансыг хэрхэн тэнцүүлж байна вэ?

-Энэ тал дээр өөртөө тэг оноо өгнө. Ажилдаа дуртай болохоор яагаад ч юм маш их цаг зарцуулчихсан байдаг. Гэхдээ одооноос гэр бүл  төлөвлөлтөд анхаарал хандуулахыг хичээж байгаа, “Чи үүнд цаг гаргах ёстой” гэдэг шүүмжлэлийг ээж, ааваасаа их сонсох болсон /инээв.сур/. Тэгэхээр ажил, хувийн амьдралаа баланслуулахыг хичээж байна.

-Чөлөөт цаг гарвал юунд зарцуулдаг вэ?

-Би оюуны хувьд өөрийгөө амраах дуртай. Зуны байшиндаа очих эсвэл өөр нам гүм чимээгүй газар, далайн эрэг дээр ч юмуу эсвэл ой модод дунд байгалийн сайхан газарт очоод нэг өдөр ажил бодолгүй, утас сонсолгүйгээр өөрийгөө тайвшруулж, өөртэйгээ ярилцаж, эсвэл хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөөхийг хүсдэг. Миний хувьд хамгийн гоё амралт энэ.

-Гадаа зун болж байна. Энэ зун хаачих вэ?

-Хил нээгдчихсэн болохоор аль нэг улс руу аялах бодолтой байна. Эхний ээлжинд Америкт дүү дээрээ очих байх даа. Их санаж байна. Монголдоо гэвэл гадаад хүмүүстэй ярилцахаар “Би танай говьд очиж үзсэн, Их гоё, тийм ээ” гээд их лавлаж асуудаг. Гэтэл би нэг ч очиж үзээгүй. Монгол хүн байж Дэлхийд алдартай Монгол говьдоо одоо хүртэл очиж үзээгүй байгаадаа ичдэг. (Инээв). Тэгэхээр энэ зун говьд очиж үзэх юмсан гэж их бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.