ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэл зүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ "Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ" сэдвээр өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Лабораторийн үйлчилгээг анхан шатнаас лавлагаа шатлал хүртэл ЭМДЕГ-ын гэрээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ЭМДЕГ-тай хийсэн гэрээний хүрээнд төрийн өмчийн 37, хувийн 10 гаруй байгууллага өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хийхээр байна.
Иргэд эрүүл мэндийн даатгалаараа өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвүүддээ сард 20,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой.
Харин өндөр өртөгтэй оношилгоог гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар хийлгэхэд тухайн оношилгооны 70 хувийг даатгалаасаа төлүүлж, 30 хувийг өөрөө төлөх зохицуулалттай.
Өндөр өртөгтэй оношилгоог төрийн өмчийн эмнэлгүүдээс гадна Мөнгөн гүүр, Гурван гал, Номун зэрэг эмнэлгүүд хийгээд эхэлсэн бол Гранд Мед, Сонгдо зэрэг эмнэлэгт даатгалын байгууллагатай системээ холбуулах түвшинд байгаа юм.
Түүнээс гадна, лавлагаа шатлал буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай эмнэлгийн Амбулаторийн оношилгоо шинжилгээний 53,000 төгрөгийн багцыг ЭМДЕГ-аас хариуцаж байна.
Өөрөөр хэлбэл 13А маягтаар лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэхэд даатгалын байгууллагаас зардлыг нь хариуцаж байгаа гэсэн үг" гэдгийг онцлов.
Сэтгүүлчийн асуултад хариулав.
-Элэгний Д вирусийг тоолох шинжилгээг ЭМД-ын Сангаас хөнгөлөх үү?
- Элэгний Д вирусийг илрүүлэх, идэвхжлийг нь тодорхойлох шинжилгээний зардлыг ЭМД-ын Сангаас хариуцах тогтоол 2019 онд батлагдсан.
Тухайн дөрвөн лаборатори гадаад чанарыг үнэлгээнд хамрагдсан тохиолдолд даатгалын байгууллагатай гэрээ хийсний дараа Д вирустэй иргэд тоолуулах боломж нээгдэх юм.
Харин уг вирусийг тоолдог улсын эмнэлгийн лаборатори манайд хараахан байхгүй тул зөвхөн хувийн хэвшлийн лабораториуд л тоолохоор болж байна.
Чанарын үнэлгээ хүлээгдэж байгаагийн шалтгаан нь зөвхөн шалгуурыг хангасан байгууллагатай гэрээ хийх даатгалын байгууллагын байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой.
Бид чанарын гадаад хяналтад хамрагдсан лабораторитой гэрээ хийх ёстой.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!