Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

В.Алтансүх: МУИС-ийн ногоон байгууламж эвдэгдээгүй. Хуучин гарааш, хүлэмж байсан газарт Багш, оюутны хөгжлийн төв баригдана

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойд талын ногоон байгууламж /2021.05.13/

МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойд талын ногоон байгууламжийн оронд таван давхар байшин барих гэж байна гэх асуудал яригдаад буй. 

Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүхтэй холбогдож, ногоон байгууламжийг хэрхэх талаар тодрууллаа. 

- МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны хойд талын ногоон байгууламж байсан газарт барилга барьж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

- Тухайн газар дээрх ногоон байгууламж эвдэгдээгүй. Хуучин гарааш, хүлэмж байсан газарт барилга барьж байгаа.

- Моднуудыг нь авч байгаа харагдсан? 

- Барилгажих талбай дээрх 10 орчим модыг буулгана. Энэ моднууд нь тарьсан биш үндэснээс үүссэн мод юм. Түүнээс гадна дандаа эм мод бөгөөд хөвөн ихээр унагаад хүмүүсийн харшил хөдөлгөн орчныг бохирдуулдаг зэрэг нөлөө үзүүлдэг. Тэгээд модыг шилжүүлж суулгая гэхээр 20 орчим настай мод учир ургахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн. Ийнхүү МУИС-ийн ой хүрээлэн буюу хүрээлэн буй орчны Инженерийн тэнхимийн багш профессоруудтай зөвлөлдөж байгаад шийдвэр гаргасан. Өгсөн зөвлөмжийн дагуу моднуудыг буулгаж аваад, оронд нь залуу  шилмүүс мод суулгахаар болсон. 

Тэгэхээр хойд талын ногоон байгууламж байхгүй болчихсон юм биш. Харин ч ногоон байгууламж байгаа газар нэмж мод суулган ногоон байгууламжаа өргөжүүлэхээр төлөвлөсөн. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгохыг хүсье. Оюутнууд гараад чөлөөт цагаа өнгөрүүлэх, салхилж суух боломжийг олгох хэрэгтэй. Нэг иргэний буруу ойлголтын улмаас МУИС-ийн 20 мянган оюутан, 1,500 багш ажилчны эрх ашиг хөндөгдөнө гэдэг харамсалтай зүйл.

Талбайд дахин зохион байгуулалт хийж шинэчлэх ажлыг ирэх жил хийхээр төлөвлөсөн. Ирэх оны төсөвт оруулаад барилга баригдсаны дараа хийж, янзлахаар байгаа. 

- Тэгэхээр шинээр баригдах барилга нь тус сургуулийн багш, оюутны нийгмийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэхэд ашиглагдана гэж ойлголоо, зөв үү? 

- МУИС-д өнөөдөр 20,000 оюутан суралцаж, 1,500 гаруй багш ажилтин ажилладаг. Одоо барих барилга нь таван давхар барилга юм. 

  • Нэг, хоёрдугаар давхарт хоол, цайны газар /эрүүл, боломжийн үнэтэй/
  • Гуравдугаар давхарт элсэлт, бүртгэл, оюутан руу чиглэсэн хөтөлбөр, сургалтын чанарын үйл ажиллагаа зохион байгуулагдах өрөөнүүд болон оюутны холбоо, МУИС-ийн эмнэлэг, клуб зэрэг байхаар төлөвлөсөн.
  • Дөрөвдүгээр давхарт багш, оюутнуудыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх үүднээс фитнес клуб байгуулахаар төлөвлөсөн.
  • Тавдугаар давхарт урлаг, лекцийн заал байна. /Урлагийн үзлэг зэргээс авхуулаад нийгмийн ажлууд ихээр явагддаг/

Ийнхүү шинээр барих барилга нь орон сууцны төрлийн барилга биш. Цэвэр багш, оюутны хөгжил, сургалт, нийгмийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

- Барилгын ажил нь хэзээ эхэлж, хэзээ хүлээн авахаар төлөвлөсөн бэ?

- Барилгын ажил эхлэх зөвшөөрөл тавдугаар сарын 11-нд гарсан. Дөрөвдүгээр сард өгсөн хүсэлт КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор одоо гарч байна. Төлөвлөгөөгөөр бол дөрөвдүгээр сарын 15-наас эхлэхээр байсан ч нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлогдож, өнөө маргаашаас барилгын ажил эхлэн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд барилгаа хүлээж авах гэрээтэй байгаа.

 Барилга эхлэх зөвшөөрөл ирсний дагуу холбогдох байгууллагуудаас арга зүйн зөвлөгөө авч явах албан хүсэлтүүдээ мөн явуулчихсан.

- Барилгын өртөг 7.2 тэрбум төгрөг гэж сонссон зөв үү?

- Төсөв өртөг нь 7.2 тэрбум төгрөг юм. Гүйцэтгэгч компани нь арай бага үнээр орж ирсэн. Үндсэндээ МУИС-ийн оюутнуудын сургалтын төлбөрөөс жил бүр хуримтлагдсан хуримтлал дээрээс ийнхүү багш оюутнуудад чиглэн хийгдэж буй ажил гэсэн үг.

 
Мод шилжүүлэн суулгаж байгаа нь
 
МУИС-ийн хичээлийн II байрны хойд талын ногоон байгууламж /2021.05.13/