Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан хотод Залуус хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт -

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 12-14-нд Дархан-Уул, Сэлэнгэ болон Орхон аймагт ажиллана. Өчигдөр Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн замын ажлын гүйцэтгэлийн явц, арьс ширний цогцолбор болон Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэгтэй танилцлаа. 

"Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах нь чухал байна"

Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм.

Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ. Үүнд:

I багц - Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,
III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,
IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,
V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.

Өчигдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байв. Ерөнхий сайд 1, 3, 4, 5 дугаар багцын гүйцэтгэлийн явцыг үзэж танилцсан юм.

Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43%, 3 дугаар багц 69.76%, 5 дугаар багц хэсэгт 70.46%-ийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ.

Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн талбай дээр ажиллах үеэр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашид дахин тохиолдол гаргахгүйн тулд хар жагсаалт гаргаж, олон улсад зарлах, сайн гүйцэтгэгчдийг алдаршуулах зэргээр ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайдад анхааруулав.

Цааш хэлэхдээ, Эхлүүлсэн автозам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд автозамын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэлээ.

Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм.

Дархан хотод Залуус хороолол барихад Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө ​Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр танилцуулав.

Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна.

Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулбал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100,000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж.

 
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон

Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав.

Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус цогцолбор ашиглатад орсноор 7,500 орчим байнгын ажлын байр бий болно.

Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газраас тэргүүлэх 100 төслийг нэрлээд буй. Үүнд малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Төрөөс цогцолборыг ашиглалтад ороход бүх талаар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Монгол Улс малаа төрөлжүүлж өсгөн ашиг шимийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах цаг болсон гэдгийг онцолсон юм.

Дархан арьс ширний цогцолбор баригдснаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар