Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

32 жил вагон эмчилж оношилсон төмөр замчин

ikon.mn
2021 оны 5 сарын 6
iKon.MN
 

Бид хоёрын яриа “Цар тахлын хүнд хэцүү цаг үед хувийн хэвшлүүд эдийн засгийн хүндрэлд орж, олон хүн ажилгүй, цалингүй болж байхад бид л ажилтай, орлоготой байна. Энэ бол төмөр замын минь л буян. Зарим маань 75 хувиар цалинжиж байгаа нь ч бас амьдралд их том нэмэр юм шүү. Огт цалингүй сууснаас хавьгүй дээр. Бид бол урьдын адил цалин хэвийн байгаа. Дээр нь, халдвар хамгааллын дэглэм сайн сахиулж, халдваргүйжүүлэлтийг дээд түвшинд төмөр зам хийж чадаж байна” хэмээн төмөр замдаа талархсан, баярласан сэтгэлээс эхэллээ.



Вагон ашиглалтын депогийн харьяа Эрдэнэт ТҮГ-ын ахлах үзэгч Ц.Ганбаатар, 1967 онд Булган аймгийн Хангал суманд таван хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүү нь болон мэндэлжээ. “Аав Цэвэгсүрэн маань Хангал суманд насаараа л ажилласан. Ээж Д.Чанцал маань сумын намын үүрийн дарга байсан. Манай хоёр бол Хангал сумын уугуул иргэд. Би хүүхэд байхдаа эмээ, өвөөгийндөө хурга, ишиг, тугалтай хөөцөлдөж өссөн. Ах нь төрснөөс өнөөг хүртэл Хангал сумынхаа нутагт ажиллаж, амьдарч явна даа” хэмээлээ.

Хангал сум бага сургуультай тул Ц.Ганбаатар ахлах ангидаа бүтээн байгуулалт өрнөсөн шинэхэн Эрдэнэт хотод сурсан гэнэ. Долдугаар ангиа төгсөх жил төрөлх сум нь найман жилийн сургуультай болсноор буцан шилжиж анхны наймдугаар анги төгсөгчдийн нэг болсондоо тэр баяртай байдаг аж.

“Наймдугаар ангиа 15 настайдаа төгссөн. Тэр жил манай сургуульд Барилгын техникум, Төмөр замын техникум, дээр нь арав хүрэхгүй ТМС-ийн хуваарь ирлээ. Төмөр замынхад нь Вагоны аж ахуйн анги гэж байна. Эрдэнэтэд сурч байхад нэг удаа аавтайгаа гэр рүүгээ явж байтал төмөр замын хажууд олон хүн цугларсныг хараад аав маань “Анхны галт тэрэг өнөөдөр ирж байгаа гэнэ. Хүмүүс угтаж байна” гэж билээ.

Тэр цагаас хойш галт тэрэг ирж, буцахыг харна. Аавтайгаа хамт гэр сургуулийн хооронд дандаа л төмөр зам дагаж явдаг байсан. Тэр бүхэн нөлөөлсөн үү, ямартай ч “Арай л гайгүй, том сургууль нь юм” гэж бодоод Вагоны аж ахуйн анги авлаа. Хуваарь дээр сумын дарга, сургуулийн захирал, Намын хорооны дарга нар орж ирээд надаас “Вагоны аж ахуйн анги сонгожээ. Бодвол төгсөөд аж ахуйн л ажил хийнэ байх. Тогооч эсвэл нярав бол гэвэл болох уу” гэж байна. “Юу ч сонгочихов доо гэсэн бодол зурсхийсэн ч нэгэнт сонгосон тул “Болно” л гэлээ. Ингээд тогооч, эсвэл нярав болно гэсэн бодолтой байтал сургуулиас “Наймдугаар сарын 15-нд бэлэн бай” хэмээн дуудаж, анх удаа вагонд суугаад хот явсан.

Сургууль хүүхдүүдээ намрын ажилд явуулахаар эрт дуудсан байж л дээ. Биднийг бүтэн хоёр сар Батсүмбэрийн сангийн аж ахуйд төмс ногоо хураалгасан. Сангийн аж ахуйгаас бууж ирээд хичээлдээ ороход багш маань “Та нар сайн сурвал галт тэрэгний дарга болно. Ер нь, вагоны эмч гэгддэг мэргэжил эзэмшинэ” гэж хэллээ. Ингээд өнөө нярав эсвэл жолооч гэж бодож явсан хүн чинь дарга, эсвэл эмч ч болчихоор юм шиг болоод явчихлаа /инээв/. Манай багш Булган гэж мундаг хүн байсан даа” хэмээн дурсав. Тэрбээр, гуравдугаар курсээ төгсөөд 1985 онд цэрэгт татагдаж, 1988 он хүртэл хамгийн сүүлчийн гурван жилийн албыг хаажээ. Халагдаж ирээд үргэлжлүүлэн сурч 1989 онд төгссөн.

Энэ тухай “Манай ангийнхан хэдийнэ төгсөөд ажил дээр гарсан байсан. Харин цуг цэрэгт татагдсан хэдэн залуус л хамт төгссөн. Өмнөх гурван жилд нь би хүүхэд байсан болохоор олигтой сураагүй. Харин цэрэгт яваад ирсэн залуу чинь арай л өөр болчихдог юм билээ. Дөрөвдүгээр курстээ онц сурч, Замын-Үүд, Эрдэнэт, Дарханы аль нэг рүү явъя гэж санал өглөө. Тэгсэн Дарханаас бусдад нь орон тоо байхгүй гэнэ. Тэр үед Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод хойд хэсгийн ТҮГ-ууд харьяалагдаж байсан юм. Тиймээс Ачааны вагон засварын депогийн боловсон хүчин Д.Нацагханд хойд хэсэгт хуваарилагдсан хүүхдүүдийг сургуулиас аваад явав. Орлогч дарга нь О.Амар гэж спорт их сонирхдог хүн байлаа. Өмнө нь, намайг дадлага хийж байх үедээ гүйж, харайж, хөл бөмбөг, шатар тоглож байхыг анзаарсан байж. Тэгээд надад “Манайд ажилла” гэхээр нь зөвшөөрсөнгүй, тэгтэл Дарханы ТҮГ-т хуваарилаад шууд дөрөвдүгээр зэрэг өгч билээ. Уг нь, шинэ төгсөгчид гуравдугаар зэрэг л өгдөг байсан юм. Би Дархандаа жил гаран ажиллаад ахлах үзэгч болсон. Тэр үед өнөөгийн албаны дарга Л.Болд ОХУ-аас дөнгөж төгсөж ирээд ТҮГ-ын дарга байсан. Дараа нь Дарханы Вагон засварын газрын дарга болсон юм. Энэ мундаг хүнтэй тэгж хамт ажиллаж үзсэн. Мөн миний хүндэлдэг хүмүүсийн нэг бол Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар. Манай доод төгсөлт шүү дээ. Техникч хэр нь доктор, эрдэмтний толгойтой, үнэхээр вагоны хүн шүү” гэв.

Ц.Ганбаатар 1991 онд Эрдэнэт рүү шилжиж зургаан сар вагон үзэгчээр ажиллаад дахин ахлах үзэгч болсон гэдэг. Өнөөгийн байдлаар тэр улсад ажилласан 32 жилийнхээ 31-т нь ахлах үзэгчээр ажилласан аж. Түүний гэргий Булган аймгийн Сайхан сумын харьяат А.Хадхүү гэж хүн бий. Тэд 1999 онд гэр бүл болж, нэг хүү, хоёр охины аав ээж болцгоожээ.

Энэ талаар “Хүү Солонгост гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Хоёр охин Улаанбаатарт. Бага охин энэ жил их сургууль төгсөх учир бид хоёр хүүхдийг нь харж байгаа. Нийт дөрвөн ач, зээтэй өнөр өтгөн л болж явна. Нутгийн нэг хөгшин “Хүн, тарвага хоёр л хамгийн хурдан өсдөг амьтан” гэж билээ. Үнэн юм байна” хэмээн үр хүүхдээрээ бахархав.

Эрдэнэт ТҮГ-ын хувьд жил бүр Замын даргын үзлэгээр “Онц” үнэлүүлж, ажил нь үргэлж амжилттай, бусдад үлгэр дуурайлал болж байдаг юм. Үүнийгээ тэр “Манай дарга И.Мягмарцэрэн ажлаа зөв зохион байгуулж, хүмүүсээ сайн удирддагтай холбоотой” гэв. Мөн “Манай ТҮГ эхнээсээ л сайн дарга нартай байсан. Анхны дарга Дүмбэн гэж мундаг хүн байлаа. Дараа нь, В.Буяннэмэх, тэгээд И.Мягмарцэрэн болсон. Энэ дарга маань 1988 оны төгсөгч шүү дээ. Сайхан хамт олон бүрдсэн байхад ажил аяндаа л бүтэж, улам дэвждэг юм. Шинэ залуусынхаа ч суурийг зөв тавих хэрэгтэй. Залуус анх ажилд гарахдаа л яаж сурна түүгээрээ цаашид ажилдаа ханддаг. Эхлээд хийсгэлэн, өнгөцхөн үзчихвэл тэр чигээрээ хэвшчихдэг. Шинээр орсон залуусыг хүндлэн харилцаж, суурийг нь зөв тавих чухал.

Хүнийг хүндэлж байж л юм сургана, өөрийгөө ч хүндлүүлнэ. Чи бол залуу хүн, юу ч мэдэхгүй, чадахгүй гэж хэлж болохгүй. Чадахгүйгээс л суралцдаг шүү дээ. Ямар нэгэн алдаа гаргавал, эсвэл чадахгүй бол албархаж зандарч, загнах биш, эвтэй аятай хэлэх хэрэгтэй. Тоглоом, наргиан дундаа хавчуулаад хэлчихэд хүн ойлгодог юм.

Тэгээд ч ах нь хүнийг загнаж чаддаггүй. Залуус маань надтай ажиллах дуртай. Манайхан заримдаа “Та арай зөөлдөөд байна” л гэдэг. Зөөлөн байлаа гээд залуусаа сургаж чадахгүй гэсэн үг биш. Би одоо хамгийн ахмад нь боллоо. Тэгээд И.Мягмарцэрэн дарга, ахлах үзэгч Б.Баярсайхан, Л.Амарбаясгалан нар байна даа. Энэ хэд маань үнэхээр чадварлаг хүмүүс. Бусад нь дандаа залуус. Миний үеийнхэн түрүүчээсээ тэтгэвэрт гарчихлаа. Ахад нь нэг жил л үлдэж байна. Нэг сайхан залууд орон тоогоо тавьж өгнө дөө” гэлээ. 

Ц.Ганбаатарыг ажил мэргэжилдээ эзэн болсон, чадварлаг ахлах үзэгчдийн нэг гэдгийг И.Мягмарцэрэн дарга онцолсон юм. Шагнал урамшуулал үнэ цэнэтэй байх үед гэмтэл илрүүлэн шагнуулж байснаараа Ц.Ганбаатар ихэд бахархдаг юм билээ. Тэрбээр, 1999 онд зорчигчийн вагоны гүүшингийн гэмтэл илрүүлэн “Тэргүүний төмөр замчин” болж байж. Энэ тухайгаа “Дарханаас ирээд манай ээлжинд ажиллаж байсан “Хот” хэмээх Мөнхбат бас хос дугуйн зээрэнцэгийн хагаралт илрүүлж, бид хоёр нэг тушаалаар шагнуулж байлаа. Сайхан шүү. Сүүлд 2008 онд “Хүндэт төмөр замчин” болсон. Вагон үзсэн энэ олон жилд ажлаа цалгардуулж, тасалж үзсэнгүй. Нэг удаа аваарт орж 14, бас нэг удаа хөлөө гэмтээж арав хоног хэвтсэнээс өөрөөр чөлөө авч байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд биеэ бодоод эмчлүүлдэг болсон. Гэхдээ ээлжийн амралтынхаа үеэр л эмнэлэгт хэвтэх юм даа” хэмээн ярив. Түүнийг анх вагон үзэгч болоход Д.Эрхэмбаяр гэж туршлагатай, ахлах үзэгч байжээ. Тэр хүнээс их юм сурснаа Ц.Ганбаатар онцолсон юм. Мөн Н.Нэргүй, Ё.Мөнхжаргал, Д.Чулуунцэцэг, Т.Цэцэгээ, С.Алтанцэцэг нараас суралцсан байна. Эдгээр ахмадаас суралцсан бүхнээ залуустаа өвлүүлж яваа ч “Ах нь хоёр л шавьтай хүн дээ” гэх. Тэр нь, хамт ажилладаг вагон үзэгч Ц.Үүрийнцолмон болон Толгойт ТҮГ-ын ахлах үзэгч Б.Загд-Очир хоёр ажээ. Ярианыхаа төгсгөлд, тэр “Төмөр замын сургуулийн үе үеийн төгсөлтүүдээс хамгийн олон галт тэрэгний даргатай нь манай анги шүү дээ. Вагоны техникчийн 10-10 гэдэг анги байлаа. Тухайлбал, М.Ганбаа, Б.Асралтболд, Н.Ганболд, Цогт-Адъяа, Р.Түмэнбаяр, Г.Дуламсүрэн, Бадамханд, С.Баттөр, Цогтбаатар... гээд нэрлэвэл арав гаруй хүн бий. Үүгээрээ манай анги их онцлог. Бусад нь вагон үзэгч болсон” хэмээн анги хамт олноороо бахархлаа. Ийнхүү төмөр замд олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуустаа сурсан мэдсэнээ өвлүүлж буй эгэл даруухан ахлах үзэгчтэй цөөн хором утсаар хөөрөлдсөнөө хүргэлээ.

                                                             

                                                                                     Сэтгүүлч М.Наранболд