Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байдены засаг захиргаа АНУ-ын хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр бууруулах амлалт авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн 40 гаруй улсын удирдагчид “Earth Day” уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготой чуулганд онлайнаар оролцжээ.

Чуулганы эхлэхийн өмнө АНУ-ын ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээг 2005 оны түвшинтэй харьцуулахад 2030 онд 50-52 хувиар бууруулах зорилтыг Цагаан ордноос зарласан байна.

Дараа нь ерөнхийлөгч Жо Байден чуулганд оролцож үг хэлэхдээ 2050 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэг болгох амлалт авсан юм.

Тэр бас чуулганд оролцогч бусад улс орнуудад илүү амбицтай амлалт авахыг уриалжээ.

“Ялангуяа дэлхийн хамгийн том эдийн засагтай улсууд илүү ихийг амлах шаардлагатай. Одоо үүсээд байгаа хямралаас ийм хурдаар гарч, одоо төсөөлж байгаагаасаа илүү сайхан ирээдүйд хүрцгээе” гэж тэр уриалсан байна.

Байден цэвэр эрчим хүчний шилжилт олон сая хүнийг ажилтай болгож, эдийн засагт тал бүрийн үр ашиг авчрахыг энэ үеэр тайлбарлажээ.

“Энэ бол ёс суртахууны болон эдийн засгийн үүрэг хариуцлага. Бас нэмэлт боломжуудыг нээх цаг үе юм. Цаг бага үлдсэн ч бид үүнийг чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Байден хэлсэн юм.

Үүнээс гадна Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт нэрвэгдсэн хөгжиж байгаа орнуудад үзүүлдэг тусламжаа хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Байденаас гадна Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин хүлэмжийн хийн үйлдвэрлэлээ дэлхийн бусад том гүрнүүдээс илүү хурдтай бууруулахаа амлаж, хүн байгальтай зохицож амьдрахын чухлыг онцолсон байна. Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганд оролцохдоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн өсөлтөө тогтоон барьж, 2060 оноос өмнө тэг түвшинд хүргэх амлалт авсан юм.  Харин энэ удаа өмнөх амлалтаа шинэчлээгүй байна.

Япон улсын засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээгээ 2013 оны түвшинтэй харьцуулахад 46 хувиар бууруулах амлалт авч байгааг тус улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга мэдэгджээ.

Өмнөд Солонгосын засгийн газар гадаад улсуудын нүүрсний салбарт хөрөнгө оруулахаа зогсоох амлалт авсан байна.

Канад улс өмнөх амлалтаа ахиулж, 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2005 оны түвшнээс 40-45 хувь бууруулахаар болсноо зарлажээ.

Жо Байдены засаг захиргааны уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Кэрри АНУ-ын амлалтыг хангалттай биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

“Энэ амлалт хангалттай юу? Үгүй. Гэхдээ энэ бол өнөөдөр бидний хийж чадах хамгийн том зүйл. Бас цааш энэ чиглэлд ажиллах болсны баталгаа юм” гэж өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian