"Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн хэд, хэдэн эмч, сувилагч халдвар авсан талаар хэвтэн эмчлүүлэгчийн зүгээс манай редакцад хандан мэдээлсэн юм.
Уг мэдээллийн дагуу "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгээс нөхцөл байдал ямар байгаа тухай тодрууллаа.
Тэрбээр “Манай эмнэлэгт халдвар авсан хүн байхгүй. Өнгөрсөн долоо хоногт хоёр ээж, хоёр эмч, хоёр сувилагч гээд нийт зургаан хүн ойрын хавьтлаар л тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, тэд халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаагүй.
Ойрын хавьтал болсон тэдгээр хүн бүгд гэртээ тусгаарлагдсан. Хоёр ээжийн хувьд ч шинж тэмдэггүй, гэртээ тусгаарлагдах боломжтой байсан тул гэрт нь хүргэж, тусгаарласан байгаа.
Тиймээс өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт халдвартай эсвэл ойрын хавьтал болсон нэг ч хүн байхгүй.
Ер нь эмнэлэгт халдвартай хүн ирэхийг үгүйсгэхгүй. Бид шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлснээс хэд хоногийн дараа тухайн ар гэрээс нь хэн нэгэн нь халдвар авсан тохиолдол гарч байгаа.
Ийм тохиолдолд бид халдвараас сэргийлэх арга хэмжээгээ л авч ажиллаж буй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!