Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн ордыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх эсэхийг шийдэх хэлэлцээ эхэллээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Оюутолгойн ордыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх эсэхийг шийдэх хэлэлцээ эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ тогтоол гаргасан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр "Рио Тинто" групптэй анхны нүүр тулсан хэлэлцээг эхлүүлээд байна.

"Рио Тинто"-оос танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ээр Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан бөгөөд "Оюутолгой" ХХК ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2051 он хүртэл зөвхөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад төлөхөөр байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд ихээхэн эргэлзээ үүсгэж байгааг Засгийн газар мэдээлсэн. Тийм ч учраас шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг зогсооно гэсэн байр сууриа Монгол Улсын Засгийн газар удаа дараа мэдэгдээд буй.

"Рио Тинто" компанийг төлөөлөн хэлэлцээрт оролцохоор тус компанийн Зэсийн группийн ерөнхий захирал Б.Болд Монголд ирээд байгаа бөгөөд тэрбээр  хэлэлцээг аль аль талдаа үр өгөөжтэй байлгахыг хичээнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Ямартай ч "Туркойз Хилл Ресурс" болон "Рио Тинто" компани Оюутолгой төслийн далд урхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг хийх хувилбар дээр нэгдсэн шийдэлд хүрсэн тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Шинэчилсэн тооцооллоор Оюутолгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоод буй.

Анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан дүнгээс 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэсэн үг. 

Ийнхүү гүний уурхай ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг оргил цэгт нь хүргэснээр 2030 он гэхэд Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа билээ.