Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сэлэнгэ: Цагт менежмент хийж чадвал сайн ээж, сайхан эмэгтэй байх боломжтой

ikon.mn
2021 оны 4 сарын 5
Сурталчилгаа

Сайхан эмэгтэй, сайн ээж, амжилттай карьертэй байхыг бүсгүй хүн бүр л мөрөөддөг. Тэгвэл энэ бүхнийг амжуулж бизнесийн салбарт амжилт түүчээлж яваа RE/MAX BRIGHT  оффисын брокер эзэмшигч М.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрбээр хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн Эра төвд багшилж, загварын тайзан дээр гялалзаж явсан нэгэн. Өнөө харин үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт өөр нэгэн тод өнгө нэмж буй.


 

-Санаандгүй танай оффисын нэг жилийн ойн баяр дээр хүрээд ирлээ. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Манай оффисын үйл ажиллагаа 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Өнөөдөр оффисын маань нэг жилийн ой тохиож байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш амжилттай ажиллажээ. Тухайлбал RE/MAX MONGOLIA бүсийн 55 оффисоос борлуулалтын дүнгээр тавдугаар байрт жагссан байна. Манайх өнөөдрийн байдлаар 21 агенттай ажиллаж байгаа. Үүнээс таван SILVER агенттай болоод амжжээ.

-Богино хугацаанд амжилттай ажиллахад брокер эзэмшигч ямар удирдлагаар хангав?

-Бид жил жилийн төлөвлөгөө гаргадаг. Манай оффисын өнгөрсөн жилийн төлөвлөгөө бусдаасаа суралцах, бусад оффисын давуу талыг судлах байлаа. Ер нь энэ бизнесийн хамгийн сайхан зүйл нь бусдаасаа суралцах, хамтдаа хөгжих боломж нээлттэй. Манай оффисын уриа үнэ цэнийг таны гарт. Тэгэхээр би агентууддаа та нар үл хөдлөх зараагүй, үйлчилгээ үзүүлээд үйлчилгээ л зарж байгаа. Тэгээд үйлчилгээ үзүүлсний төлбөрөө авдаг гэж захидаг юм. Тийм учраас үйлчилгээ үнэ цэнтэй байх ёстой. Агентууд маань бие даасан бизнес эрхлэгчид байдаг учраас би хамт олны харилцааг чухалчилдаг.

 

-Таныг загвар өмсөгч гэдгийг мэднэ. Тэс өөр салбарын хүн хэрхэн RE/MAX-тай холбогдов оо?

-Өөрийн намтараа товчхон дурдвал Отгонтэнгэр их сургуулийг герман хэлний багш, орчуулагчийн мэргэжил эзэмшиж төгссөн. Мөн СЭЗИС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн. Бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэй, англи, герман хэлтэй. Эмэгтэй хүүхдүүд багадаа загвар өмсөгч, мисс болно гэж их мөрөөддөг дөө. Би ч мөн адил тийм мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлөөрөө загвар өмсөгч болохоор “Ганга гоёл” компанийн Оюунтуяа багшийн дамжаанд анх суралцсан. Загварын гараагаа Эра төвөөс эхэлж байлаа. Эра төвд, “Шилмэл загвар”-т загварын багшаар Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоонд бас багшилдаг байсан. Загварын багш гэхээр ганц загвар өмсөхийг заадаггүй. Хувь хүний хөгжил, гоо зүй, харилцааны соёл, биеэ зөв авч явах соёл, зоогийн ширээний ард хэрхэн суух гээд маш олон чадварыг заадаг. Эргээд харахад  1000 гаруй шавьтай болжээ. Гэр бүлдээ цаг зав зарцуулах шаардлага гараад загварын салбараасаа хөндийрсөн. Үүний дараа Хасбанк, Макс группт ажиллаж байлаа. Гэхдээ бидэнд бизнесийн шинэ модуль хэрэгтэй юм байна гэдгийг бодоод л явсан. Тэгээд RE/MAX-ийг судлаад үзсэн чинь яг миний хүсч байсан бизнес модуль байсан. Өөрсдөө хөгжих боломжтой салбар. Тухайлбал зургаан сарын өмнөх Сэлэнгэ, зургаан сарын дараах Сэлэнгэ хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа гарч ирдэг. Богино хугацаанд маш хурдан хөгжих сургалтын бодлого RE/MAX-т байдаг нь надад их таалагдсан. Оффис байгуулахаасаа өмнө үл хөдлөхийн зах зээлээ судлах хэрэгтэй гэж бодоод RE/MAX Realty оффист агентаар ажилд орж байсан. Ингээд хоёр сарын дараа өөрийн оффисоо байгуулсан даа.

 

-Сайхан эмэгтэй, сайн ээж, амжилттай бизнесмэн гурвыг зэрэгцүүлэх боломжтой юу?

-Энэ хорвоо дээр хүн төрөлхтөн үхэл, өвчин хоёрын өмнө л сөгддөг. Бусдаар боломжгүй зүйл үгүй гэж би хардаг. Цагийн менежмент л чухал. Би 2016 онд “Mrs World” гээд нөхөртэй, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд оролцдог уралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг нь авсан. Тэр жилдээ туршлага судлахаар энэ уралдаанд оролцоод шилдэг 12 орны миссээр шалгараад ирсэн. Явж ирээд байтал 2018 онд “Одонтой ээжүүд” гээд фэйсбүүк группээс уралдаан зохион байгуулах гэж байна гээд надад хандсан. Надад дэлхийн уралдааны эрх нь байсан учраас олон байгууллагатай хамтран анхны уралдааныг зохион байгуулж байлаа. Тэр уралдаанд дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд оролцсон. Тухайн үед гэртээ суусаар байгаад өөрсдийгөө үнэгүйдүүлсэн байна гэдгийг ээжүүд хэлж байлаа. Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэдтэй болоод сэтгэлзүйн хувьд уналтад орох үе байдаг. Учир нь ажил амьдралын баланс алдагдаад ирдэг. Үр хүүхдээ өсгөхөд эхний нэг жилийг зайлшгүй зарцуулах шаардлагатай. Хүүхэд ой хүрээд ирэхээр ажил, амьдралаа зохицуулж байх хэрэгтэй санагддаг. Насаараа дан ажил гэж явсан эсвэл дан амьдрал гэж явсан эмэгтэйчүүдийн хооронд маш их ялгаа байдаг. Тэгэхээр энэ бүхэнд баланс хэрэгтэй. Эмэгтэй хүнд цагийн хуваарилалт маш чухал. Өөртөө зарцуулах цагийг заавал гаргах хэрэгтэй.  Хүн өөрийгөө хайрлаж байж бусдаар хайрлагдана. Өөрийгөө хайрлахгүй орхиод байхаар эмэгтэй хүн бусдад үнэ цэнэгүй болдог.

-Та ажил, амьдралын балансыг хэрхэн тэнцүүлж байна вэ?

-Би гурван хүүтэй. Миний том хүү 18 настай. Дунд, бага хүү маань 12 настай. Хүүхдүүд бага байхад хэцүү. Миний хувьд аав ээж, дүү нар маань надад их тус болдог байсан. Би гэртээ сууж чаддаггүй төрлийн хүн. Тийм учраас ажлын цагаа ажилдаа яс зарцуулдаг. Бас хүүхдүүүдтэйгээ салхинд гарах, хамтдаа хооллох, дугуйланд нь хүргэх зэргээр амжуулахыг хичээдэг. Одоо хүүхдүүд маань том болчихсон учраас миний хувьд ээжийн үүрэг гэхээс илүүтэй ажилдаа л анхаарч байна. Ах нь 18 настай учраас хоёр дүүдээ анхаарал, халамж тавьдаг болчихлоо.

-Хөвгүүдээ ирээдүйд хэн болгож өсгөхийг зорьж байна вэ?

-Айлын том хүүхдийн хүмүүжил дүү нарт нь их нөлөө үзүүлдэг гэж хардаг. Би хөвгүүдээ Монгол Улсын үүрэг, оролцоо сайтай иргэн болгохыг л зорьдог. Түүнээс биш заавал Ерөнхийлөгч бол гэхгүй, миний хүүхдүүд өөрсдөө л шийднэ. Харин ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийдэг, өмнөө тавьсан зорилготой, төлөвлөгөөтэй, гэр бүлдээ, гэргийдээ, үр хүүхэддээ сайн эцэг болж чадах эрчүүдийг, ирээдүйн сайн аавуудыг хүмүүжүүлэхийг зориод явж байна. Эрэгтэй хүнд эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлийг суулгаж өгөх их чухал. Бас эрэгтэй хүүхдийг хол ч ухаантай, аливаад хүлээцтэй ханддаг, дуугарах үедээ жинтэй дуугардаг байгаасай л гэж хүсч хүмүүжүүлдэг дээ. Би хөвгүүддээ ном уншуулах дуртай. Бас аль болох спортоор хичээллээрэй гэж захидаг.

-Ирээдүйд хэн байх вэ гэдэгт бага насны төлөвшил их чухал санагддаг.

-Төлөвшил маш чухал. Өнөөдөр амжилттай бизнес эрхлэхэд, гэр бүлдээ хайр халамжтай сэтгэл тэнэгэр явахад ч төлөвшил нөлөөлдөг. Миний хувьд багадаа даруухан, өндөр, туранхай охин байлаа. Хичээлдээ маш их зүтгэлтэй. Хоёр их сургуулиа онц дүнтэй төгссөн хүн шүү дээ. Аравдугаар ангид сурч байхдаа давхар хажуугаар нь загварын курст явж байсан. Би нэг зүйлд зоривол түүний ард гарч, давж байж сэтгэл амардаг. Зорьсондоо хүрэхгүй бол сэтгэл амарч чаддаггүй. Тэгэхээр төлөвшлөөс гадна хувь хүний зан чанар бас чухал. Манай аав, ээж хоёр хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн. Хүмүүжилд гэр бүлийн тайван уур амьсгал нөлөөлнө. Энэ хамгийн чухал. Хүүхэд гэр бүлдээ тайван орчинд, тайван байдалтай, хайр халамжаар дутахгүй байгаагаа мэдэрч өсөх нь маш их чухал.

 

-Хоёулаа эргээд үл хөдлөхийн салбарын тухай ярилцъя. RE/MAX-ийн тухай сайн, муу үг сонсогдоно. Агентуудыг ченж гэж харах хүмүүс ч байдаг. Тэгвэл RE/MAX-ийн агентууд гэж хэн болох, хэрхэн ажилладаг тухай та мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм хандлага бий. Бид эргэн тойрноо харах хэрэгтэй. Дэлхий дээр ганц Монгол Улс байхгүй, 200 гаруй улс оршин тогтнож байна. Бусад өндөр хөгжилтэй оронд зуучлалын салбар нь маш өндөр түвшинд хөгжчихсөн байдаг. Хуулиараа хамгаалагдсан байдаг. Гадаад орнууд бүх зүйлээ зуучаар дамжуулчихдаг. Ингэснээр гэмт хэргүүдээс сэргийлдэг. RE/MAX-ийн агент гэдэг тодотголын ард нотариат, газрын харилцаа, татварын хуулиуд, улсын бүртгэлийн үйл явц, барилгын хийцлэл, чанар гээд маш олон талын мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс үйлчилгээ үзүүлж байдаг. Агент хүн тухайн үл хөдлөх хөрөнгийн давуу болон сул талуудыг харилцагч, үйлчлүүлэгчид хэлж өгдөг. Тухайлбал цонх нь сайн чанартай, сангийн систем тааруу юм байна гээд энэ бүх судалгааг хийдэг хүмүүс. Агент тухайн хүний ажлыг бүгдийг өмнөөс нь хийгээд өгчихдөг. Нотариат орлоо гэхэд үйлчлүүлэгч гарын үсэг л зурна. Банкин дээр оочерлох гээд бусад бүх үйлчилгээг хийж өгдөг учраас агентийн ажил үнэ цэнтэй. Манай агентууд авч байгаа мөнгөнөөс биш харилцагч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, дахин хандаж байгаа харилцаанд хамгийн их баярладаг. Манайд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар хөгжих шатандаа явж байна. Илүү сайн хөгжинө гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Хууль батлагдвал хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зуучид хандсанаар эрсдэлээс хамгаалж, цаг хугацаагаа хэмнэнэ гэдгийг бүр илүү ойлгоно. Одоогийн завгүй нийгэмд цаг хугацаа гэдэг юу юунаас илүү үнэ цэнтэй шүү дээ.

-Танай оффисын цаашдын стратеги төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Цаашид илүү үнэ цэнтэй үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ. Манай оффисын онцлог гэвэл агентууд маань маш хөдөлмөрч, үйлчилгээг нэн тэргүүнд тавьдаг. Манайд барилгын засвар чимэглэлчин, хуулийн болоод гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс байгаа. Мисс, загвар өмсөгчид ч байна. Тал талын мэдлэгтэй хүмүүс нэг багт ажиллахаар үйлчилгээг өндөр түвшинд хүргэж чаддаг. Үйлчлүүлэгч сэтгэл дундуур буцахыг бид тэвчдэггүй.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.