Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн Валентино брэнд Японы соёлыг хүндэтгээгүйнхээ төлөө уучлал гуйж, сурталчилгаагаа устгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Италийн тансаг эдлэлийн Валентино брэнд саяхан Японы зах зээлд гаргах 2021 оны хавар, зуны загваруудынхаа сурталчилгааг цацаж эхэлжээ.

Ингэхдээ Японы загвар өмсөгч Кокиг оролцуулсан өвөрмөц фото, видео сурталчилгааг цацсан байна. Гэвч сурталчилгааны агуулга япончуудын ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан тул ашигласан материалуудаа вэбсайт, сошиал хуудаснаасаа устгаж, Японы олон нийтээс уучлал гуйжээ.

Коки нь загвар өмсөгчөөсөө гадна Японы алдартай хөвгүүдийн хамтлаг асан SMAP-ийн гишүүн Такуяа Кимурагийн охин гэдгээрээ алдартай юм байна.

Валентиногийн сурталчилгаанд Японы уламжлалт хувцас кимоногийн бүсийг газарт дэвсээд дээр нь гуталтай алхаж байгаагаар үзүүлсэн нь асуудал үүсгэжээ.

Мөн гэртээ гутлаа тайлж ордог заншилтай япончуудын хувьд  уламжлалт сууцан дотор гуталтайгаа авхуулсан Кокигийн зураг бүдүүлэгт тооцогдсон байна.

Уламжлалт соёлыг нь доромжилсонд бухимдсан Японы иргэд сошиал орчинд Валентино компанийн эсрэг өргөн шүүмжлэл өрнүүлж, зарим нь тус компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг уриалж байжээ.

Валентино компаниас япон, англи хэлээр гаргасан мэдэгдэлд энэ нь санаатай үйлдэл байгаагүйг тайлбарлаад япончуудаас уучлалт гуйсан байна.

АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэж, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл эрчимжиж байгаа цаг үед Италийн алдарт брэнд ийм алдаа гаргасан нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм.

2018 онд Dolce & Gabbana брэнд хятад загвар өмсөгч бүсгүй пицца, шпагетти зэрэг итали хоолыг савхаар идэх гэж хичээж буйг харуулсан видео сурталчилгааг Хятадын зах зээлд цацсаныхаа дараа мөн шүүмжлүүлж, уучлал гуйж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post, Soranews24