Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Халдвар авсан хүмүүсийг 10 хоног эмчлээд эмнэлгээс гаргаж байгаа. Тухайн хүмүүсээс шинжилгээ авах шаардлагагүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж ЭМЯ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- Халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт 10 хонуулаад шинжилгээ авалгүй эмнэлгээс гаргаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

Тухайн хүнд шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоног, дээд тал нь 14 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог. Тухайн хүнээс шинжилгээ авахад 40-50 хоног, цаад тал нь хоёр сарын хугацаанд эерэг гарч болно. Хэдийгээр эерэг гарсан ч халдвартай гэсэн үг биш. Олон улсад хийгдсэн судалгаануудын үр дүнг үндэслээд өвчлөл нэмэгдэж байгаа, орны ачаалал үүсэж болзошгүйг үндэслээд 10 хоногийн дараа эмнэлгээс гаргаж байгаа. Халдвар тараах эрсдэлгүй учраас эмнэлгээс гаргахдаа шинжилгээ авах шаардлагагүй. 

- Өнөөдрийн байдлаар ойрын болон дам хавьтлуудын тоо хэд болоод байгаа вэ, ойрын хавьтлуудын хэд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байна вэ?

- Өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 14,628 хүнийг нэгдүгээр хавьтлаар тогтоосон байна. Сүүлийн 24 цагт гэхэд 606 ойрын хавьтлыг тогтоож гэрийн тусгаарлалтад үлдээн, зөвлөгөө өгсөн. 

- Халдвартай хүмүүсийг эмчлэх хэчнээн ор бэлтгэснээс өнөөдрийн байдлаар хэдийг нь ашиглаж байна вэ?

- Улсын хэмжээнд таван эмнэлэг коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-аас дээш гарч байгаа учраас СБД, СХД-ийн эмнэлэгт ор дэлгэж өвчтөнүүдийг хүлээн авч байгаа. 

- Коронавирус металь гадаргуу дээр хэр удаан тогтох вэ?

- Сүүлийн үеийн судалгаанаас харахад төмөр гадаргуу, мөнгөн тэмдэгт, эд зүйлс дээр 2 цагаас хэд хоногийн турш тогтож байгааг лабораторийн орчинд судалж тогтоосон. Төрөл бүрийн судалгаа хийгдэж байгаа  бөгөөд гадаргуу дээр тогтож байгаа вирус халдвар үүсгэх чадваргүй гэх судалгааны үр дүнгүүд бас бий.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163829958904641