Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй хүний тоо 1,000 давж, эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо анх удаа 1,000-ын босгыг давлаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн орны хүрэлцээ тулгамдсан асуудлыг нэг болж байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

"Хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх асуудалд зохицуулалт хийхээр албанынхан хэлэлцэж, бэлтгэлээ хангаж байна"

Тэрбээр “Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна.

Халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачааллын асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна.

Коронавирусийн халдвар авсан нийт иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Иймд хөнгөн өвчтөнүүдийг цаашид гэрээр эмчлэх эсэх асуудалд зохицуулалт хийхээр албанынхан ярьж байна.

Ингэхдээ хамгийн түрүүнд биеийн нөхцөл байдлыг нь харгалзах бөгөөд эмчийн үзлэгээр биеийн нөхцөл байдлыг тодорхойлно. Үүний дараа биеийн байдал нь хөнгөн байвал гэртээ тусгаарлагдаж боломжтой эсэх шийдвэр гарна.

Хоёрдугаарт, гэрийн нөхцөл байдал, орчныг нь ч харгалзаж үзэн гэрт нь тусгаарлахыг мэргэжлийн хүмүүс шийдвэрлэнэ. Тухайлбал, нийтийн байранд байдаг хүн гэртээ тусгаарлагдахад эрсдэлтэй тул гэрт нь үлдээх боломжгүй. Энэ мэтээр асуудлыг зохицуулна.

Хамгийн гол нь тухайн хүний өөрийн биеийн байдлаа тодорхойлох чадварыг судална. Учир нь тухайн иргэн гэрээр эмчлүүлхээр үлдсэн ч өөрийн биеийн байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж чадахгүй бол гэрт нь үлдээх аргагүй.

Мөн иргэдийн өөрсдийнх нь саналыг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлыг хангаж байгаа ч иргэн өөрөө эмнэлэгт тусгаарлагдах хүсэлтэй байвал эмнэлэгт тусгаарлах юм.

Энэ чиглэлээр зохицуулалт хийхээр холбогдох албаныхан судалж, бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,014 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй. Цар тахал гарснаас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний анх Монголд анх удаа 1,000-ын босгыг даваад байгаа нь энэ юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.

"Батлагдсан тохиолдлуудын 44.3 хувьд шинж тэмдэг илрээгүй"

Мөн өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол 2,906 байхад тархвар судлалын нарийн асуумжаар судалгаа хийхэд 1,287 хүнд буюу 44.3 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй байсан” гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлж байв.

"7 дахь хоногтоо нийт батлагдсан тохиолдлуудын 90%-д эсрэг биет үүссэн байдаг"

Түүнчлэн тэрбээр “ХӨСҮТ 35 эрчимт эмчилгээний ортой бөгөөд эрчимт эмчилгээний бүх ор амьсгалын аппарат болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан. Өвчтөн хүндэрсэн тохиолдол ашиглах тоног төхөөрөмж хангалттай бий.

Эмнэлэгт хэвтээд 7 дахь хоногтоо нийт батлагдсан тохиолдлуудын 90 хувьд эсрэг биет үүссэн байдаг” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.