Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гүррагчаа: Монгол хүн дахиад сансар руу тэмүүлэх цаг нь болсон

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэлж байна. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. 

Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад бүтээгдэж буй анхны хиймэл дагуулын төслийн хөгжүүлэлтийн явц зэрэг асуудлаар илтгэл тавилаа.

Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар холбогдож оролцсон юм. Тэрбээр 40 жилийн өмнөх Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсан санаж, монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй, цэлмэг, тод харагдаж байсан

Владимир Жанибеков:

Бид Монгол хүн анх сансрын уудамд дүүлэн гарсан тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газар зүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй болсон зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандлаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байв. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болж байсан. Ж.Гүррагчаа бид хоёр Алтантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй, цэлмэг, тод харагдаж байсан. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байсан.

Сансрын нисэгч, бидний их анд М.Ганзориг маань бидний авсан зургуудаар сэдэвчилсэн карт бүхий судалгааны ажил хийж, түүний удирдаж буй Монгол Улсын ШУА-ийн  Информатикийн хүрээ­лэнд боловсруулан судалж байна

"Өөрийн гэсэн хиймэл дагуултай болж, сансар судлалын салбарт хамтын ажиллагаа явуулж цаашлаад хамтарсан нислэг хийх ч боломж байна"

 

БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа:

Сансрын хамтарсан нислэгээс хойш 40 жил өнгөрчээ. Эргээд харахад бидний хийсэн судалгаа өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын судалгаа гэдэг ерөөсөө л хамтарч хийх талбар юм. 

Сансар судлалд холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул байдаг. Өнөөдрийн манай төр засаг голдуу холбооны хиймэл дагуулын талаар яригддаг. Бид цаашид тандан судлалын хиймэл дагуултай болох ёстой.  Өөрийн гэсэн хиймэл дагуултай болж, сансар судлалын салбарт хамтын ажиллагаа явуулж цаашлаад хамтарсан нислэг хийх ч боломж байна.

Монгол хүн дахиад сансар руу тэмүүлэх цаг нь болсон. Бид сансар судлалд нөлөөтэй хоёр гүрний дунд амьдарч байгаа. Энэ тал дээр Хятад улстай хамтрах ажиллаж боломж бий. Хятад улсын техник технологи дэвшил асар хурдацтай хөгжиж байна. Цаашид хамтарч ажиллаж,үр дүнтэй гэрээ хэлцэл байгуулж, хамтарч ажиллан магадгүй Хятад улстай хамтарсан нислэг хийхэд хамгийн тохиромжтой нь ч байж болох юм. Үнэ өртгийн хувьд АНУ, ОХУ-аас хамгийг бага. Саяхан гэхэд Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс боллоо. Сарны бидэнд харагддаггүй гадаргуу дээр судалгаа явуулж байгаа гээд Хятад улсын сансар судлал дахь амжилт асар их.  Цаашид манай улс хэдэн онд сансар судлалын бүрэн тодорхой зорилго, алсын хараа хэрэгтэй байна.

"Сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна"

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл:

Хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА дангаараа хариуцаж, академийн ерөнхийлөгч Ши мэргэн хэмээх Базарын Ширэндэвийн шууд удирдлагын дор хэрэгжүүлснийг би тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ том багийн ажлын алба нь тухайн үеийн ФТХ-ийн Сансар судлалын секторын анхны 8 залуу судлаач дээр төвлөрч байлаа. Энэ түүхэн үйл явдлаас хойш манай улс сансар судлал, сансрын технологийн салбарт чамгүй оролцож технологийн хэрэглээнээс хоцролгүй ашиглаж үр шимийг хүртжээ.

Цаашид бид энэ салбарт илүү идэвхтэйгээр буюу байршлын таатай боломжоо ашиглан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын сүлжээг байгуулах,  сансрын технологийн салбарт шинэ технологийг турших, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зорилгоор Нано, Микро, Жижиг, Том хиймэл дагуулуудыг хамтран хийж хөөргөх замаар сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна.

"Монгол хүнд сансар гэдэг холын зүйл биш"

Доктор, профессор Ц.Адьяасүрэн:

АНУ-ын сансрын нисэгч Скот “Өнөөдөр Орос, АНУ--ын харилцаа төвөгтэй байгаа. Бид энэ тал дээр сүрхий анхаарал хандуулдаггүй. Хэрвээ манай хоёр орны ерөнхийлөгчийг хоёр долоо хоног сансарт амраачихвал энэ дэлхийн санаа зовсон олон асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Сансар судлал гэдэг хүмүүсийн эвлэрэл, хамтын ажиллагааны гайхалтай талбар. Өнөөдөр хүн төрөлхтөн сансар руу тэмүүлж судалгаандаа асар их анхаарал хандуулж байна. Хятад, Саудын Араб зэрэг улс хүртэл энэ салбарт асар их хүч хаяж, хүнээ нисгэлээ. Удахгүй Ангараг руу эмэгтэй сансрын нисэгч илгээхээр яригдаж байна. Манай улс ч бас энэ сэдвийг тойроод өнгөрч болохгүй. Тун удахгүй хоёр дахь нислэгээ хийх цаг болсон. Энэ асуудлыг дэвшүүлж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ, та бүхэн дэмжээрэй.  Монгол хүнд сансар гэдэг холын зүйл биш ээ, магадгүй сансартай дэндүү ойрхон ард түмэн гэж боддог. Яагаад гэвэл сартай, сансартай хаяа тэрлэн оршдог, мал бэлчээр, гэрийн хаяанаасаа л сарыг ажиглаж шинждэг.



Энэ жил хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож байна. 1981 онд сансарт нисэх Монгол улсын баг бүрэлдэхүүнийг анхлан 10,000 залуусаас сонгон шалгаруулж, 4 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэж байсан түүхтэй. БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт нисч, 7 хоног ажиллахдаа нийтдээ 30 гаруй туршилтыг амжилтай хийсэн байдаг. Тэр үед ШУА дээр сансрын технологийн секторыг байгуулж сансрын хоолноос эхлээд шинжлэх ухааны иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж, сансарт амжилттай туршсан билээ. 

Өнөөдөр сансрын технологийг хэрэглэдэггүй, түүний үр ашгийг хүртдэггүй улс орон гэж үгүй. Энэ хэрэглээ гол төлөв хиймэл дагуул, түүний мэдээллээр дамжин хэрэглэгчдэд хэд хэдэн янзаар хүрч байна. Тиймээс ч өнөөдөр энэ салбар өөрөө баялгийн нэг эх үүсвэр болсон учраас дэлхийн улс орнууд, хувийн хэвшлийнхэн сансрын тойрогт хиймэл дагуулаа хөөргөж, мэдээллээр өөрөө өөрсдийгөө хангах гэж, түүгээр хөрөнгө татах гэж өрсөлдөцгөөж байна. Тэгвэл манай улс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ гаднаас 100 хувь хангасаар байх уу, эсвэл сансрын технологийн салбарт аль нэг чиглэлд бүтээгч байх уу гэсэн асуулт энэ түүхэн цаг үед гарч ирж байна.

Нөгөө талд “1000 инженер” хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс сансрын технологийн инженерүүдийн багаа бэлтгэсэн гэж салбарын эрдэмтэн судлаачид үздэг. Одоогоор нарийн мэргэжлээ эзэмшсэн, дэлхийн 5 орчим орны хиймэл дагуул дээр ажилласан, бүтээлүүдийнхээ үр шимийг үзсэн 5 инженертэй хиймэл дагуул бүтээгч баг бэлтгэгдээд байгаа юм.