Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 24 дэх өвөлтэйгөө бид золголоо. Түүхэнд “Цагаан морин жил” хэмээн тодотгогдсон 1990 он олон аавын хөвгүүдийн зүрх зоригийг шалгасан нь дамжиггүй.
Тэгвэл тэртээх 24 жилийн өмнө Сүхбаатарынхаа талбайд ардчилсан хувьсгал хийж явсан түүхэн өдөр өнөөдөр тохиож, АН-ынхан баяраа тэмдэглэж байна.
Баярын хурал СТӨ-нд эхэлсэн бөгөөд хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Б.Хишигбат, Л.Улаанхүү, Л.Гүндалай, н.Батбилэг нарыг намын дээд шагнал болох Чингисийн одонгоор шагналаа.
Д.Сосорбарам: Төрийн алба гэж нам намын шахаасны газар болж.
Шагнал гардуулах ёслолын дараа МУГЖ Д.Сосорбарам үг хэлсэн. Тэрбээр “Би үг хэлье гэж өөрөө гуйж гарч ирлээ. Өнөөдөр бол баярын өдөр биш тэмцлийн өдөр гэдгийг санах хэрэгтэй.
АН өнөөдөр ашиг хонжоо хайсан, авлига хээл хахууль авсан, хэн нэгнийг даган дулдуйдсан, намаар халхавч хийсэн шимэгч, шулагч, хулгайч нараар дүүрсэн байна. Энэ бүхнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын дарга, цагдаагийн дарга гээд Ардчиллын анхны лидерүүд цэвэрлэх гэж зовж явна.
Энэ үзэгдэл зөвхөн Ардчилсан намд ч биш МАН, НН, ИЗН-д ч байна. Эцэст нь хэлэхэд, инээдмийн жүжгээсээ татгалзаж, ухаалаг амьдраачээ гэж хэлмээр байна.
Мөн төрийн алба гэж замбраагүй юм байна. Нам намын шахаас. Тэгээд манай нам ийм, миний нам тийм гээд сууж байна. Уучлаарай, Монголд Монгол гэдэг ганцхан л дээвэр байх ёстой шүү” гэлээ. Түүний хэлсэн үгийг зааланд цугласан намын гишүүд ихээхэн дэмжиж энд тэндээс “Зөв, зөв” хэмээн орилж байсан.
Яг одоо АН-ын баярын хурал соёл урлагийн тоглолтоор үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!