Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакцин тарган хүнд дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг судалгаа харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Италийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вацкин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг тогтоожээ.

Тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэл дээр шинжилгээ хийхэд хоёр тун вакцин тариулсны дараа таргалалттай хүмүүсийн биед хэвийн жинтэй хүмүүсийнхээс хоёр дахин бага эсрэг биет үүссэнийг тогтоосон байна.

Эндээс үзвэл жингийн илүүдэлтэй хүмүүсийн дархлааг хангалттай түвшинд хүргэхийн тулд нэмэлт тун тарих хэрэгтэй байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.

Өмнөх судалгаануудаас Body Mass Index (BMI) нь 30-аас дээш хүмүүсийн Covid-19 өвчнөөр амиа алдах эрсдэл 50 орчим хувиар , хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 113 хувиар илүү болох нь харагдаж байв. 

Таргалалттай хүмүүс ихэвчлэн зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй байдаг нь үүнд нөлөөлж байна гэж үздэг.

“Covid-19 өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хувьд таргалалт нь эрсдлийн нэг том хүчин зүйл болдог. Илүү гүнзгийрүүлж, өргөн хүрээнд судлах шаардлагатай ч манай судалгааны  үр дүн таргалалттай хүмүүсийг дархлаажуулахдаа тусгай бодлого баримтлах ёстой байж магадгүйг харуулж байна. Илүү олон хүнийг хамруулж судалсны дараа хүн амын энэ бүлэгт вакцины нэмэлт тун зарцуулах шаардлагатай болж магадгүй юм” гэж Ром хотын Instituti Fisioterapici Ospitalieri хүрээлэнгийн судлаач Алдо Венути ярьжээ.

Түүний удирдсан баг вакцинжуулалтад хамрагдсан 248 хүний мэдээллийг боловсруулж, дээрх дүгнэлтийг гаргасан юм байна.

 

Эх сурвалж: The Guardian