Цар тахлын халдварын улмаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр сургалтын агуулгын алдагдал ямар хэмжээнд байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд агуулгын алдагдал одоогоор ямар байгааг судалсан.
Бага ангийн сурагчид энэ хичээлийн жилд 142 цагийн хичээлийг танхимаар судалсан. Одоогоор 130 цагийн хичээлийг теле ба цахим хэлбэрээр судлаад байна. Агуулгын алдагдал 110 цаг буюу 28.2 хувь байгаа. Нэгтгэн дүгнээд үзэхэд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22.2 хувь байна" гэв.
Өнөөдөр Засгийн газраас орон нутгийн сурагчдын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин нийслэлд цар тахлын голомт намжаагүй, эрсдэл хэвээр байгаа учир танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг товлоогүй байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана" гэлээ.
Видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!