Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Нарандулам: Бидний яг одоо амьдарч байгаа нийгэмд хүмүүс амар тайвныг л эрж хайж буй мэт санагддаг

ikon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг хувийн архиваас.

“Нийслэл Хүүхэн” ОАК дуусмагц “Жарган дуулаарай” хэмээх сэтгэл зүрхийг эзэмдсэн уянгалаг цээл хоолойнд үзэгчид бид хэдийн дасаж, бүтэн дууг нь хүлээсэн хүлээлтээр дүүрэн байсныг үзэгчид санаж байгаа байх.

Жаран жарандаа жарган дуулахын ашид өлзийтэй ерөөлийг амаараа тунхаглан, сэтгэл оюунаараа баясан цэнгэж, сонсох бүрд Монгол хүн болж төрсний бахдал бишрэлээ мэдэрдэг энэхүү хүчтэй дууны эзэн “Зун” продакшны уран бүтээлч, уртын дуучин А.Нарандуламтай ярилцлаа.

- Уртын дууг орчин үеийн электроник хөгжмийн урсгалтай уран чадварлаг хослуулсан “Жарган дуулаарай” хэмээх дуу монголчуудын зүрхэнд хүрээд удаагүй байгаа билээ. Тэгэхээр энэ дууны тухай яриагаар ярилцлагаа эхлүүлье?

- "Жарган дуулаарай" дууг манай продюсер Б.Эрдэнэбат (Алтан ураг хамтлагийн ахлагч) зохиосон. Нэг өдөр замын түгжрэлд явж байгаад хүмүүсийн уур бухимдал их байгааг анзаарч, тэгээд ямар уран бүтээл хийвэл хүмүүст амар тайван мэдрэмжийг төрүүлэх бол гэж бодож байтал “Жарган дуулаарай” дууны дахилт хэсгийн үг, аялгуу нь шууд ороод ирсэн гэсэн. Гэртээ хариад шууд хар зургийг нь над руу явуулсан. Тэр өдрөөс хойш Beatmaker Khim ro, бид гурав дуун дээрээ ажиллаж эхэлсэн. Нэлээн хугацаа зарцуулсны эцэст сая бүрэн дүүрэн биеллээ оллоо.

- Буриад ардын дуу “Заян Наваа”, “Бор борын бялзуухай” гэсэн бусад уран бүтээлийг нь сонсож байхад тэс өөр хэв маяг, мэдрэмж өгч байсан. Таны уран бүтээлийг сонсож буй сонсогчдод ямар мэдрэмж өгөхийг хүсэж зорьдог вэ?

- “Заян наваа” бол Буриад зон олны түүхийг төлөөлдөг гайхамшигтай уран бүтээл. Тийм ч учраас энэ уран бүтээлийг маш чанартай хийх зорилго манай багт байсан. DJ Хөгжим, Mix mastering Э.Дэлгэрдалай бид гурав энэ дуунд бүтэн жил гаруй хугацаа зарцуулсан. Тэр чинээгээрээ сонсогчид бидний уран бүтээлд уусан шингэж сонсоно гэсэн итгэлтэй байсан. Тэр зорилго маань ч биелсэн.

Харин "Бор борын бялзуухай" дууны хувьд байгалийн дуу чимээг дэвсэж хийсэн уран бүтээл. Энэ ерөөсөө шинэ юм биш бидний амьдралд эрт дээр үеэс байсан зүйл. Байгаль бидэнд өдөр бүр бэлэг өгдөг. Тэр бэлэг нь байгалийн дуу чимээ. Энэ бүхнийг уран бүтээлдээ шингээхийг хүсдэг.

 

- Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн консепт байдаг шүү дээ. Та өөрийн бүтээлийн консептоосоо бидэнтэй хуваалцаач?

- Бидний яг одоо амьдарч байгаа нийгэмд хүмүүс амар тайвныг л эрж хайж буй мэт санагддаг. Би дуугаараа дамжуулж амар тайвныг мэдрүүлэхийг зорьж байна.

- Монголчууд найр наадамдаа уртын, ардын дуунуудаа дуулан хотол олноороо баясан цэнгэх дуртай байдаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд соёлын өвөө хадгалан хамгаалж, цааш үргэлжлүүлэхийн тулд юуг анхаарч байна вэ?, мөн бидний мэддэггүй маш олон сайхан дуунууд байдаг байх.

- Сүүлийн үед “Соёлын өв”- өө уламжлан өвлүүлэх, хадгалах, өвлөн тээх хүсэлтэй хүмүүс олон байгаад баяртай байгаа. Тэдний нэг хэсэг нь болохыг хүсэж байгаа учраас 2020 оны хавраас Соёлын өвийн судалгаа хийж эхэлсэн. Өөрт арай ойр гэдгээр нь Ховд аймгаас эхэлж байгаа. Зөвхөн уртын дуу гэлтгүй цуур, тууль, бий биелгээ, хувцас, ястан үндэстнүүдийн аялга гэх мэт олон зүйлийг сурах судлах хүсэл маш их байна.

- Тэгэхээр удахгүй сонсогч нартаа барих бэлгийн талаар сонирхож болох болов уу?

- Одоо бидний ажиллаж байгаа уран бүтээл болох “Бүүвэйн дуу”-ны аялгуу, шүлгийг  продюсер Б.Эрдэнэбат ах зохиосон. Энэ уран бүтээлд МУГЖ Ятгын хатан хаан Ч. Мөнх-эрдэнэ, СТА Морин хуурч Д. Шинэцог / Гени/ зэрэг гайхалтай уран бүтээлчид оролцсон бол дуу бичлэгийг Э. Дэлгэрдалай хийж mixing дээр ажиллаа. Тэгэхээр мэдрэмжийн туйл мэт бүтээгдсэн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ дуу хүн бүрийг зүрх сэтгэлийн гүнд нь байдаг нандин дурсамжуудаар нь аялуулна.

Түүний уран бүтээлээс: