Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдтай уулзаж, Pfizer вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов.

Мөн Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв.

КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулж, COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.