Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв PCR шинжилгээний цогц лабораторитой боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НҮБ-ын Хүн амын сан

Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлсэн 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн дөрвөн PCR шинжилгээний цогц лабораторийн эхнийх нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

"Энэхүү лаборатори нь COVID-19 гэлтгүй бусад олон төрлийн шинжилгээ хийхэд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм"

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Коронавируст халдварын тохиолдлуудыг илрүүлж, голомтыг цомхтгох зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр бэлтгэл ажил хангагдаад байна.

Энэ цаг үед "Рио Тинто" компанийн буцалтгүй тусламжаар "Оюу толгой" болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан "Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд ЭХЭМҮТ-д PCR шинжилгээний цогц лабораторийг байгуулж өглөө.

Монгол Улсын хүн амын бараг тал орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хэмжээнд лабораторийн шинжилгээний хүчин чадлыг өргөтгөхөд энэхүү шинэ лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү лабораторид "Нэг өрх-Нэг шинжилгээ" хийгдэхгүй ч улсын хэмжээнд эх, нярайн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч нарт тогтмол тандалт шинжилгээ хийхэд маш чухал үүрэгтэй.

Цаашид зөвхөн COVID-19 гэлтгүй бусад олон төрлийн молекул биологийн шинжилгээ хийхэд энэхүү лаборатори нь ЭХЭМҮТ-д үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж байна” гэв.

 "Замын-Үүд сум болон Өмнөговь аймгийн эмнэлгүүдэд PCR шинжилгээний цогц лаборатори байгуулна"

"Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал Х.Амаржаргал “2020 оны аравдугаар сард "Рио Тинто" групп COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Монгол Улсад 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, "Оюу толгой" компанитай хамтран төсөл хэрэгжүүлж Улаанбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Өмнөговь аймгийн эмнэлгүүдэд олон улсын жишигт нийцсэн PCR шинжилгээний цогц лаборатори байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдөр хамгийн эхний лабораторийг ЭХЭМҮТ-д нээн хүлээлгэж өгч байна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава “Өнөөдрийн үйл ажиллагаа цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. PCR шинжилгээний лаборатори байгуулах байршлуудыг ЭМЯ-тай харилцан ярилцаж шийдвэрлэсэн” гэдгийг хэлэв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “90 жилийн түүхт ЭХЭМҮТ-ийн хувьд тэмдэглэлт өдөр болж байна. Ялангуяа цар тахлын үед эмэгтэйчүүд, хүүхдэд үзүүлэх гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал туйлын чухлаар тавигдаж буй. 

Цар тахлын ЭХЭМҮТ хэвтэн эмчлүүлэгчид болон эмнэлгийн эмч ажилчдадаа PCR шинжилгээ, тандалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байхад ийм лаборатори туйлын чухал байсан.

Бидэнд цаг алдалгүй шинжилгээ хийх боломжоор хангасан бүх байгууллагуудад туйлын их талархаж байна" гэсэн юм.

 

ЭХЭМҮТ өдөрт дунджаар 1,000 орчим хүнд амбулаторийн тусламж үзүүлдэг бол 680-700 хүн хэвтэн эмчлүүлдэг. Бүтэн жилийн хугацаанд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 42 мянга, амбулаториор тусламж авах хүний тоо 220 мянгад хүрээд байгаа аж.

Мөн улсын хэмжээнд онош нь тодорхойгүй, хүндэрсэн эх, хүүхдэд оношилгоо хийдэг тус эмнэлэгт жилд 12 мянган эх амаржиж, 15 мянган хүнд мэс заслын хагалгаа хийгдэг юм байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/UNFPA.Mongolia/videos/2830010370588618